Монголын Випашяна бясалгалын төвийн тэргүүн Д.Ширэндэв: Бясалгал бол хүн төрөлхтний он удаан жил мартсан байсан сэтгэлийн ариусал олох арга юм

1
1826

Улаанбаатар хотын баруун хязгаарт, Богд хан уулаас 30 км зайд байрлах випашяна бясалгалын Дхамма Махаана төвийг зорин явлаа. Энэ өдөр бясалгалын бас нэгэн арав дахь өдөр өндөрлөж байгаа юм. “Найрамдал” хүүхдийн амралтын төвөөс наахна шороон замаар эргэж ороод 20 км орчим явсаар уг төвд дөхөх үед улам илүү амар амгалан мэдрэгдэх шиг болно. Бясалгалын хашаагаар ороход нам гүм ноёрхоно. Энд бясалгаж суугаа 100 гаруй хүний эерэг сайхан эрчим хүч ойр орчмын уул, мод, амьтай бүхэнд шингэсэн мэт амгалан тайван. Бясалгалын ордон гэх модон байранд хүмүүс өөрсдийн сэтгэлийг түвшитгэж, ариусал, гэрэл гэгээг мэдрэх гэж суугааг харахад хүний дотоод хүч, тайвшрал гэдэг юунаас ч илүү чухал гэдэг нь тодорхой харагдана. Энд л хүмүүс жинхэнэ амралтыг эдлэж, сайн сайхныг мэдэрдэг бололтой. Ийнхүү бид ирсэн зорилгоо биелүүлэхээр Монголын випашяна бясалгалын төвийн тэргүүн Д.Ширэндэв багштай уулзахаар түүнийг хүлээлээ. Тэрээр сүүлийн 10 гаруй жил энэ бясалгалын арга барилд суралцаж, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх буянтай үйлийг хийж байгаа юм.

Нүд.мн:  Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч манай сайтад ярилцлага өгч байгаад баярлалаа. Хоёулаа яриагаа бясалгалын талаарх анхан шатны ойлголтоос эхлэе гэж бодлоо. Бясалгал гэж чухам юу вэ?

Д.Ширэндэв: Бясалгал гэдэг үгийг Энэтхэгийн пали, санскрит хэлээр бхаавана, түвд хэлээр Гом гэдэг.Энэ үгийг монголоор бясалгал гэж орчуулсан. Бхаавана гэдэг нь хөгжүүлэх гэсэн утгатай. Энэ нь сэтгэлийнхээ муу муухайг арилгаад, сайн сайхныг хөгжүүлнэ гэсэн үг.  Үүнээс үүдээд сэтгэлийн шаналал зовиуртай амьдардаг хүмүүс түүнээсээ салж, сэтгэлийн амар амгаланг олох гэсэн үг юм.

- Сурталчилгаа -

Нүд.мн: Гэхдээ хүмүүс бясалгалыг ямар нэгэн шашинтай холбож ойлгох үзэгдэл ажиглагддаг. Ер нь бясалгал шашнаас үүссэн юм уу?

Д.Ширэндэв: Бясалгалыг үндэслэсэн хүмүүс өөрсдөө шинжлэн судлагч нар байсан. Бясалгал гэдэг бол анхаарлаа төвлөрүүлэн явсаар тодорхой шатанд хүрээд ертөнцийн үнэнийг танин мэдээд, эргээд түүнийгээ хүмүүст тайлбарлаж ойлгуулсан явдал юм. Тэгэхээр бясалгал бол ямар нэг шашнаас үүсээгүй. Агуу шинжлэн судлагч нар, үнэнийг эрэгч нар бясалгал даяан хийж амьдралын утга учрыг  таньж,  ухаарсаны үндсэн дээр үүсгэсэн гэж хэлж болно. Харин тэр л заасан зүйлийг нь хийхгүй дагалдагч нар нь тухайн суут хүний нэр дээр шашин номлолыг буй болгосон байдаг.Тийм учраас хүмүүс бясалгалыг шашнаас үүсэлтэй гэж буруу ойлгодог.

vipassana-meditation-retreat

Нүд.мн: Амьдралын үнэн гэж юуг хэлж байна вэ?

Д.Ширэндэв: Амьтай бүхэн  төрсний эцэст үхдэг нь үнэн. Бид хаанаас ирсэн юм, хаашаа явдаг юм гэдэг асуултын хариуг хүн төрөлхтөн үеийн үед эрж хайж ирсэн. Зөвхөн там, диваажингаар тогтохгүй, цаашлаад бидний амьдардаг энэ тивийн амьдралаас гаднаөөр ертөнц, өөр амьдрал байгаа юу,өөр гариг, амьд биетүүд, оюун ухаан оршин байгаа юу гэх мэт асуултууд урган гарч ирдэг. Үүнээс үүдээд ертөнцийг таньж мэдэхээр эхэлсэн эрэл хайгуул нь яван явсаарөөрийгөө таньж мэдэх эрэл хайгуул болж, энэ эрэл хайгуулын үндсэн дээр бясалгал үүссэн. Гэхдэээнэ олон бясалгалын хөгжил өөр өөр байдаг. Тухайн хүний чадамжаас шалтгаалаад, ямар шатанд хүрснээс нь хамаарч өөр өөр төрлийн бясалгалын шатууд бий болсон. Энэхүү гайхамшигтай ололтын үр дүнгээр  тэр хүний хувьд цоо шинэ ертөнц нээгдэж байгаа юм.Хүний ертөнцөөс гадна 31 давхаргат ертөнцийг бүгдийг тайлж нээсний дараа эх дэлхий дээр зөвхөн  хүн, адгуус хоёр амьдардаггүй юм байна гэж ухаарсан явдал байлаа. Бясалгал хийсээр үүнийг харж, нээж олдог.  Бурхан Будда энэхүү мэдлэгийг олж  мэдсэний дараа ахин шинжлэн  олсон зүйл нь эдгээр 31 давхаргат орчлонгийн хүрднээс гарах арга байна гэдгийг мөн олсон явдал байсан.Энэ 31 давхарга бүхий дэлхийн хаана нь төрлөө ч төрөл үхлийн хүрд эргэсээр байдаг юм байна гэдгийг Бурхан Будда олж мэджээ. Үүнээс гэтлэх арга байгаа гэдгийг олж нээсэн нь гайхамшигтай нээлт болсон.

Нүд.мн: Тэгэхээр бясалгал чинь Буддын шашинтай холбоотой байх нь ээ?

Д.Ширэндэв: Бясалгалаар хүн  анх үнэнийг хайж олж, өөрийгөө нээж олох зорилго агуулж  байсан бол сүүлд үүнийг  шашинтай холбосон.  Бурхан багшийн гол сургаал бол  хүн төрөлхтөнд амгалан амьдрах арга ухааныг л заасан явдал юм.  Тэгэхээр бясалгал нь  хүн хэрхэн, яаж амгалан амьдрах вэ гэдэг арга ухаан гэж ойлгож болно.  Харин хүн төрөлхтөн хөгжлийн явцдаа  энэхүү мэдлэгийг  уламжлан таниулахдаа шашин болгож өөрчилсөн.

18951258_1514351395271131_4809451615698524137_n

20914529_1585383928167877_4632513120404077470_n

19396981_1532060553500215_5036367490951882726_n

Нүд.мн: Бясалгалын ямар төрлүүд байдаг вэ? Сүүлийн үед дэлгэрээд байгаа олон бясалгалууд юугаараа ялгаатай юм бол?

Д.Ширэндэв: Дээр хэлсэнчлэн бясалгал хийдэг байсан гол шалтгаан нь аз жаргалтай амьдрах аргыг хайдаг байсанд оршиж байна. Зөвхөн материаллаг зүйл байгаад хүн аз жаргалтай амьдрахгүй гэдгийг ухаараад сэтгэлийн амар амгаланг эрэлхийлдэг. Ухаантай хүн бол аливаа асуудал зөвхөн сэтгэлд оршин байгааг ойлгодог. Сэтгэлийнхээ муу муухайг арилгахгүй бол хэн ч аз жаргалтай байж чадахгүй. Сэтгэл тайван бус байвал хүн өөрөө зовдог. Сэтгэл рүү хандсан бясалгалын төрлүүд нь самадигийн бясалгалууд байдаг. Самади гэдэг нь гүн төвлөрөл гэсэн утгатай энэтхэг үг. Хүн төрөлхтөн ийнхүү бясалгал хийгээд тайван болдог гэдгийг мэдсэн даруйдаа үүнд автжээ. Самади  бясалгалын найман шат байдаг. Самадийн нэгдүгээр шатанд хүрэхэд таван шинж тэмдэг бүрдэх бөгөөд хүн хүссэн хугацаагаараа төвлөрөх чадвартай болдог. Тэр төвлөрөл нь хүнд асар их эрч хүч, энерги, сэтгэлийн тэнхээг өгдөг. Ингэснээр материйг дуртай зүйлдээ хувиргах чадвартай ч болох хэмжээний сэтгэлийн асар хүчтэй болдог. Самадийн эхний дөрвөн шат хүртэл биетэй самади байдаг бол түүнээс цааш бие махбодгүйгээр оюун ухаан тогтож эхэлдэг. Хэдийгээр самадигийн найман шат байгаа боловч самади дотроо хоёр төрөл байдаг. Нэг нь ертөнцийн самади, удаах нь ертөнцөөс гэтлэх самади гэж ярьдаг. Ертөнцийн самади гэдэг нь түрүүн дурдсан шиг анхаарлаа төвлөрүүлээд, сэтгэл санаа сайхан болж, тайван болно. Хүний ертөнцөд байгаа мөртлөө дээд ертөнцөд байгаа мэт тайван амгалан болдог. Гэхдээ ертөнцийн самадигийн төрөлд тухайн хүн сэтгэлийн гүн дэх үйлийн үрээ бүрэн устгаж чаддаггүй. Харин ертөнцөөс гэтлэх самади гэдэг нь төвлөрөлтэйгээ хамт үйлийн үрээ устгах үйл явц явагддаг. Энэ самадигийн түвшинд хүрсэн хүн дахин зовлонгийн хүрдэнд эргэлдэхгүй гэсэн үг юм. Мөнхийн амгаланд хүрнэ гэсэн үг.

15032076_1139720122778180_2237054940630288858_n

Нүд.мн:Монголд явагдаж байгаа бясалгалын төрлүүд энэ түвшинд хүрэх хэмжээнд зааж чаддаг уу?  Зарим бясалгалд ум тарни унших, иога, дасгалтай хослуулах гэх мэт аргууд байдаг. Випашяна бясалгалд ямар ч тарни, зан үйл хийхгүй гээд байдаг нь ямар учиртай вэ?

Д.Ширэндэв: Монголд битгий хэл дэлхий дээр самадийн найман шатанд хүрч, ертөнцөөс гэтлэх самади хийж байгаа хүн ховор. Одоо Монголд болон дэлхий даяар явагдаж байгаа бясалгалын аргууд нь  ерөнхийдөө хүний сэтгэлийн өнгөн хэсгийг цэвэрлэж, тайвшруулах зорилготой. Иогатай хослуулан түр тайвшрах гэх мэт. Эдгээр бясалгалууд гол төлөв сэтгэлийн өнгөн хэсэгт тайтгарлыг өгдөг бол випашяна бясалгалын хувьд сэтгэлийн гүн дэх хир буртгийг арилгах хэмжээнд хийгддэг. Тарни уншаад, зан үйл үйлдэх нь өнгөц төдий л юм даа. Випашяна бясалгалд ямар нэг тарни, зан үйл хийхийг хориглодог. Үйлийн үр гэж ярихаас урьтаад хамгийн түрүүнд сэтгэлийн гүнд байгаа таныг тавгүйтүүлдэг зүйлсийг цэвэрлэхэд анхаарна. Муу муухай дадал зуршил сэтгэлийн гүнд асар гүн шигдсэн байдаг. Випашяна бясалгалын хувьд энэхүү бугшсан муу муухайг арилгах аргыг зааж байгаа. Арилгаж үзүүлж ч байгаа. Түүнээс цааш хэрхэх нь тухайн хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс шалтгаална.

Нүд.мн: Таны түрүүн дурдсан 31 давхаргат ертөнц гэдэг их сонирхол татлаа. Үүнийг далд ертөнц гэж нэрлэх үү?

Д.Ширэндэв: Далд ертөнц биш юм. Бидний нүдэнд харагдахгүй болохоор л далд ертөнц гэдэг нь өрөөсгөл ойлголт юм даа. Бидний амьдарч байгаа энэ ертөнцөд гэхэд л там, бирд, адгуус, асур, хүн гээд таван төрөл байна. Ертөнцийг гурав хуваадаг. Гурван сав ертөнц гэж ярьдаг. Хүслийн ертөнц, дүрст тэнгэрийн орон,  дүрсгүй тэнгэрийн орон гэдж гурав ангилна. Хүслийн ертөнцөд там, бирд, адгуус, асур, хүн төрж, амьдардаг бөгөөд үүний дээр энэ хүслийн ертөнцийн зургаан давхарга бүхий тэнгэрийн орон бий. Харин дүрст тэнгэрийн оронд самадийн эхний дөрвөн шатанд хүрсэн хүн төрдөг. Энэ 4 самадигаас болж дүрст тэнгэрийн орноо 16 давхарга брахма ертөнц оршино. Дараагийн таваас найм хүртэлх самади шатанд хүрсэн хүн биегүй буюу дүрсгүй тэнгэрийн ертөнцөд төрдөг гэдэг.  Дүрсгүй тэнгэрийн орон  дөрвөн давхаргатай гэж нэмсээр байгаад  31 давхаргат ертөнц гэж яриад байгаа юм. Тэгэхээр бидний амьдарч буй энэ нарны аймагт л гэхэд ийм 31 давхарга ертөнц байх ба бидэнтэй адил ийм 31 давхарга бүхий ертөнц ахиад 10 мянга байдаг гэж үздэг.

image-0-02-04-78f8d7294cf790a0f11b94f8629266621131be1945a8439de6cf8c9287d6f44c-V

15095507_1312307392142200_4116238217237757796_n

                                15078664_1304208142952125_4724334176429533658_n

Нүд.мн: Таны энэ ярьсныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж болох уу? Хүмүүс үүнийг уншаад мухар сүсэг гэж ойлгох байх.

Д.Ширэндэв: 31 давхарга ертөнцөд матери ч бий, оюун ухаан ч бий. Эдгээр 31 давхарга ертөнцөд 31 өөр матери, 31 өөр оюун ухаан байгаа гэж үзвэл орчин үеийн шинжлэх ухаан зөвхөн хүний ертөнцийн материйг судалж байна. Хүний ертөнцийг ч  судалж дуусаагүй л байна. Үүнээс цааш 30 давхарга ертөнцийн оюун ухаан, материйг хэрхэн судлах вэ? Оюун ухааныг судалж эхлээ ч үгүй байна. Бясалгал хийж, бурхны сургаалийг судлаад ирэхээр хүн дотогшоогоо орж, таньж мэддэг. Үүнийг хүн өөрөө таньж мэднэ. Орчин үеийн шинжлэх ухааны микроскопоор энэ бүхнийг таньж мэдэхгүй. Хүн өөрийн туршлагаараа, бясалгал хийснээр бүхнийг мэддэг болно. Бясалгалын хүчээр бусад ертөнцрүү яваад ирэхээр асар нарийн ертөнц тэнд бий гэж үзэж байгаа юм.

Нүд.мн: Бусад ертөнцөд үнэхээр очдог хэрэг үү?

Д.Ширэндэв: Ухаантай хүн хаанаас ирсэн, хаашаа явдаг юм бол гэдгээ байнга боддог. Үүнийг дэлгэрүүлж судлах хэрэгтэй гэж ч мэддэг. Судалгаа хийхийн тулд нүдээ аньж, бясалгал хийхээс өөр арга одоогоор байхгүй. Орчин үеийн шинжлэх ухаан нь дорно дахины шинжлэх ухаанаас хамаагүй хоцорсон байна аа л гэж хэлэх гэсэн юм. Дорно дахины шинжлэх ухаан ихэвчлэн дотоод ертөнцийг судлан шинжилдэг. Тэдгээр 31 давхаргат ертөнцийг хүн махан биеэрээ аялаад очих боломжгүй. Бидний бие маш хатуу матери учир тийшээ зорчихгүй. Хүн дотоод ертөнцөө таниад орчихоор гадаад ертөнцийг таньж ойлгоно. Эйнштейний хэлснээр Буддизм бол супер шинжлэх ухаан юм.

Нүд.мн: Та түрүүнд үйлийн үрийн тухай цухас дурьдаад өнгөрлөө. Үйлийн үр гэдгийг хүмүүс муу зүйл гэж ойлгодог. Чухамдаа юуг илэрхийлсэн ойлголт юм бол?

Д.Ширэндэв:Үйлийн үр гэдэг бол бидний үйлдсэн л зүйлийн үр дагавар юм. Хүмүүс манай төвд ирээд бясалгал хийхдээ таван сахил сахидаг. Амьтан битгий алаарай гэж би захидаг. Учир нь амьтан алсан ажлыг чи өөрийн гараар үйлдсэн учраас чиний л үйлдсэн үйлийн үр болох юм. Бидний аз жаргалтай байх, зовлон шаналалтай байх зүйлийг хэн хийгээд байгаа юм бэ? Бид бүхэн өөрсдөө л энэ бүхний эзэн нь байдаг. Дээд тэнгэрт нэг бурхан суучихаад бидний нүгэл, буяныг дэнсэлж суудаггүй юм. Таны үйлдсэн үйл танд үр болж ирнэ. Юу тарина түүнийгээ хураана гэж ярьдаг даа. Бие хийгээд хэл, сэтгэлээрээ хийсэн бүхэн үйлийн үр болж ирнэ. Компьютерээр ярьвал бүх үйл чинь файлууд болж хадгалагдаж байдаг.  Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шүү дээ. Үүнийг л ойлгочихвол хүн өөрийгөө хорлохоо болино.

budpvbhik

Нүд.мн: Бурхан багш өөрийн хүчээр гэгээрэлд хүрсэн гэж ярьдаг. Орчин үеийн хүмүүс өөрсдийн хүчээр бясалгал хийж, ном судар уншаад гэгээрэх чадвартай юу?

Д.Ширэндэв: Бурхан багш шиг өндөр чадамжтай хүн бол гэгээрэх боломж байлгүй яахав. Хүн бүр гэгээрэх бололцоотой. Гэгээрэл гэж юуг хэлээд байна гэхээр сэтгэлийнхээ муу бүхнийг арилгах л асуудал юм. Арилгах арга зам, угаах “саван” нь байна. Энэ савангаар сэтгэлийн хир буртгаа угаах ажлыг л хийх хэрэгтэй. Сэтгэлийн муу муухайг арилгах бясалгалын аргыг хүн төрөлхтөн өнгөрсөнд нээж олчихсон. Үүнийг цаг хугацааны явцад бид мартсан байжээ. Харин азаар 2500 жилийн өмнөх  тэрхүү аргыг бид өнөөдөр ахин сэргээн суралцаж эхэллээ. Хүн өөрөө хичээвэл болохгүй зүйлгүй. Гэхдээ дээд түвшинд хүрэх випашяна бясалгалыг хүн өөрөө олоод,  нээгээд гэгээрнэ гэдэг орчин үед амаргүй ажил юм. Бурхан болох чадвартай, буян парми бүх юм нь цогцолсон хүн л үүнийг өөрийн хүчээр олж, мэдэх чадвартай. Бэлэн байгаа аргыг одоо бид нар ашиглаж, сураад хэрэгжүүлсэн нь дээр байгаа биз дээ. Тэгэхгүйгээр өөрөө би нүдээ аньж суусаар байгаад үнэнийг олж мэднэ гэвэл олонхи нь энэ мянга мянган зүйлд төөрөлдөөд, тууштай явж чадах хүн ховор.

Нүд.мн: Та анх хаанаас энэ бясалгалын талаар олж мэдэж, үүнтэй холбогдсон бэ?

Д.Ширэндэв: Аравдугаар ангиа төгссөн жилээ би их зүйлийг бодсон. Хүн болж төрчихөөд би одоо хаашаа явах юм бэ? Үхсэний дараа хаашаа явдаг юм бол гэх мэт бодлууд толгойноос салахгүй байлаа. Амьдралын утга учрыг олох юмсан гэж бодож эхэлсэн. Олон хүмүүс яг тэр насан дээрээ ийм бодолд автдаг байх л даа. Гэхдээ дийлэнх хүмүүс энэ талаар гүнзгийрүүлж бодох ч сөхөөгүй цаашдын амьдралаа хөөдөг байх. Энэ бодлоос ургаад лам нарын уншдаг номонд л учир байна даа гэх бодлууд хөвөрсөөр их сургуулийн өрнө дорно судлалын ангид элсэн орсон. Энэтхэгт очоод өнөөх бодолдоо хөтлөгдөөд судар номыг уншаад эхлэхдээ өнөөх асуултуудын хариултаа олсон хэдий ч практик дээр хийж үзмээр санагдсан. Онол гоё боловч түүнийг хийж үзэхгүй болохоор хүн юуг ч мэдэж чадахгүй. Гэхдээ би ганцаараа энэ талаар олж мэдээд дуусмааргүй санагдсан учраас энэ бүхнийг хүмүүст таниулахыг хүссэн. Аглагт очоод,  агуйд суугаад ганцаараа випашяна хийгээд эцсийн шатанд хүрч болох л байх.  Гэхдээ хүмүүсийг үнэнрүү хөтлөх тухай бодсон учраас энэ ажлаа хийж байна.

Нүд.мн: Хүмүүс сахил сахина гэдгийг лам нарын ажил гэж боддог. Та сахил хүртсэн лам хүн үү?

Д.Ширэндэв: Би лам хүн биш ээ. Харин таван сахилыг хүн бүр сахих ёстой. Энэ чинь та бидний өдөр тутмын хийх ёстой ажил. Хэдийгээр би лам хүн биш ч гэлээ таван сахилаа өдөр бүр сахидаг. Гэлэн хүмүүс бол 227 сахил сахина. Эгэл хар хүний сахих энэ таван сахил нь тийм ч амар биш байдаг учраас хүмүүс чаддаггүй байх. Би үйлийн үрээс айж байгаа учраас л таван сахилаа сахиж байна.

13669242_1193341910705416_333568796404516295_n

Нүд.мн: Бясалгал хийгээд туршлагаараа бага ч болов онож мэдчихээд онолыг нь судлаж, мэдэхийг хүссэн хүнд та ямар ном судар санал болгох вэ? Зарим хүмүүс ганжуурыг ойлгоход бэрх гэж ярих тохиолдол байдаг. Дэлхий даяар библийг уншаад ойлгоод байхад бурхны сургаалыг библийн хэмжээнд ойлгогдохоор өргөн хүрээтэй байлгаж яагаад болоогүй юм бэ?

Д.Ширэндэв: Таны асуусан Буддын сургааль номны ойлгомжгүй тухай асуудал бол сүүлийн 70 жилийн хүрээнд л яригдана. Урьд нь монголчууд судар ном уншаад бүгд л ойлгодог байсан. 70 жилийн өмнө бол хэнбугай ч байсан шашны үг хэллэгээр хэлэхэд ойлгодог байсан юм шүү дээ. Айлын эмээ лам нарыг ирэхэд чөлөөтэй ном хаялцаж чаддаг байсан оюунлаг ард түмэн. Тэр соёлыг устгасан учраас одоогийн бид Буддын сургаалийн үг хэллэгийг ойлгохоо больсон. Ганжуур, Данжуур судрууд хуучин монгол бичиг дээр байгаа. Энэ нь нэгдүгээрт 17-р зууны үеийн хэл дээр хөрвүүлсэн. Хоёрдугаарт бид  сүүлийн 70 жилийн хугацаанд тэрийг уншаад ойлгодог байсан хэл соёлоо мартчихсан. Бурхан багш МЭӨ 5-р зуунд Пали хэл дээр сургаал номлолоо айлдаад түүнийг нь МЭ 1-р зуунд энэтхэгийн санскрит хэлрүү орчуулж, тэр хэлнээс түвд хэлрүү хөрвүүлсэн. Энэ хугацаанд үүнийг орчуулж, дамжуулсан хүмүүсийн алдаа мадаг, он цагийн хувиралтанд яаж хөрвүүлсэнээр нь бид хүлээж авсан. Орчуулагч  хүн хоёр төрөл байдаг. Нэг нь практик хийсэн орчуулагч, нөгөө нь онолын мэдлэгтэй орчуулагч гэж байдаг. Гэхдээ сонирхолтой нэг зүйл гэвэл 2500 жилийн өмнөх тэр Пали хэл дээрх сургаал номлолыг орчуулах явцад яг одоогийн бидний хэлээр ойлгомжтой хэлсэн байгаа нь харагдсан. Одоо чи бид хоёрын ярьж суугаа шиг л ойлгомжтой байгаа нь гайхалтай. Яагаад энэ бүхэн ийм ээдрээтэй болсон гэхээр олон зууны турш олон хэл дамжин орчуулагдсанд асуудал байгаа юм.

20799538_1585480354824901_7605937972337892101_n

Өвөрмонголоос ирсэн бясалгагчтай хамт

Нүд.мн: Та випашяна бясалгалыг хэдэн оноос монголд түгээн дэлгэрүүлэхээр зорьж эхэлсэн бэ?

Д.Ширэндэв:Энэтхэгт сурч байхад яг энэ випашяна бясалгалыг мэддэг хүн ховор байлаа. Учир нь энэхүү бясалгал нь устаад хэдэн зуун жил өнгөрөхөд энэтхэгийн ард түмэн хэдийнэ мартсан байсан. Тэр үед Гоенка багш маань Бирмээс Энэтхэгт ирээд энэхүү бясалгалыг энэтхэгийн ард түмэнд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байсан. Бурхан багшаас хойш 200 жилийн дараа Ашока хаан дэлхий даяар энэ бясалгалыг түгээн дэлгэрүүлэх гэж элч нар илгээж байсан нь Монголд хүртэл ирсэн түүх байдаг. Монголын эртний түүхэнд Энэтхэгээс хоёр азара ирсэн гэж бичсэн байдаг. Азара гэдэг нь бясалгал заадаг хүнийг хэлдэг. Үүнээс хойш цаг хугацааны эрхэнд энэхүү бясалгал устсан юм. Харин азаар Бирм улсад 2500 жилийн тэртээх випашяна бясалгалын арга барилыг цэврээр нь хадгалан ирсэнийг олон багш нар уламжлан заасаар ирсэн. Миний хувьд бол би азтай хүн. Энэхүү аргыг заалгаж, багштайгаа учиран золгох ийм сайхан хувь зохиол бүрдсэн минь азтай. Ямар ч хүн ийм сайхан зүйлийг үзэж, мэдсэний дараа аав ээждээ, ах дүүсдээ хүргэх юмсан гэж бодно биз дээ.

10994462_10203562911823156_421062161284852064_n

Випашяна бясалгалыг түгээн дэлгэрүүлэгч С.Н.Гоенка багш

20139985_1557632780942992_3345772903752577037_n

Зураг дээр тэмдэглэсэн хүн бол Энэтхэгт випашяна бясалгалыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан С.Н.Гоенка багш анхлан випяшана бясалгалд сууж байх үе.

Нүд.мн: Саяхан Монголд Ганжуурын хөлгөн судруудыг бүгдийг цээжилсэн эрдэмт их хувраг айлчилсан. Тэрээр хэлэхдээ Ганжуурын гурван аймгаас судрын аймгийг эгэл хар хүнд зориулсан гэж байсан. Тэгэхээр энгийн хүн бусад судруудыг унших шаардлагагүй гэсэн үг үү?

Д.Ширэндэв: Винайн аймаг нь лам нарын сахил санваартай холбоотой бурхан багшийн айлдвар байдаг. Судрын аймаг нь бурхан багштай уулзахаар ирсэн эгэл ард түмэнд айлдсан судрууд байгаа. Авидармийн аймаг гэдэг нь бясалгал хийгээд тодорхой өндөр шатанд хүрэхэд хүн бүрийн бодит байдлыг ойлгох ойлголт ондоо болсон байдаг бөгөөд үүний нарийн учрыг тайлбарлаж өгснийг хэлдэг аймаг юм. Авидармийн аймаг нь гадаад ертөнц, дотоод ертөнцийг тайлбарлан багтаасан айлдвар юм. Энгийн үед хүнийг эрэгтэй, эмэгтэй гэж ярьдаг бол авидармийн аймагт хүнийг зөвхөн бие, оюун ухаан гэдгээр нь задлаж тайлбарладаг. Авидарм бол товчхондоо Буддын философи гэсэн үг. Тэгэхээр бурхны сургаалыг сонирхож байгаа энгийн хүний хувьд ердөө нэг шад шүлгийг уншаад ойлгоод авахад хангалттай.

19657114_1543585945681009_5764071088738198965_n

Ганжуур Данжуурын тус бүр нь 400 гаруй хуудастай 140 ботийг  цээжлэн тогтоож Бурханы үeэс уламжлалт Типитака-дхара цолыг олсон дэлхийд цөөн байдаг хуврагуудын нэгэн Гандхамала хувраг. 

Нүгэлт үйлийг өчүүхэн ч бүү үйлдэж

Буянт  үйлийг хотол чуулган болгож

Өөрийн сэтгэлийг огоот номхотго

Энэ нь бүх Бурхадын сургаал болой

Энэхүү айлдварыг л ойлгож, ухаарчихвал бусад судар номыг унших хэрэггүй. Тэгээд бясалгалаа хийгээд энэхүү шүлгийг ухаарчихвал болно. Таван сахил сахиад, амьсгалаа ажиглан бясалгаад, випашяна бясалгал хийж сэтгэлийн бүх муу муухайг арилгачихвал  энэ бол бүх бурхдын сургаал болно оо гэсэн байдаг. Дорно дахины онолууд бол практикаас гарсан онолууд байдаг.

19748781_1543586215680982_2387834710091380241_n

19657424_1544090322297238_641811970743125561_n

Випашяна бясалгал хийгээд эхлэхэд сэтгэлээс үүдсэн өвчлөл арилна. Гэхдээ бясалгалд сууж байгаа хүмүүс зөвхөн биеэ эмчлэх зорилгоор бясалгалыг хийх гэж ирэх нь маш өчүүхэн л зорилго юм даа. Энэ бол нирвааны амгаланд хүргэх зүйл.

Нүд.мн: Бясалгал ид шидийн гэмээр санагдах үе байх уу?

Д.Ширэндэв: Сэтгэл санаа тань туйлын амар амгалан болно гэдэг ид шидээс ялгаагүй гайхамшигтай үйл биш гэж үү? Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан зүйл шүү дээ.

Нүд.мн: Та манай уншигчидад Випашяна бясалгалын төвийнхөө талаар сонирхуулаач?

Д.Ширэндэв:Одоогоор бид зуны саруудад бясалгал явуулж байгаа бол ирээдүйд жилийн дөрвөн улирал байнга бясалгал явуулах цогц төв барих гэж байна. Бясалгалд суухыг хүссэн хүмүүс өдөр бүр нэмэгдэж байна. Монголчууд болязгуураараа зүгээр нэг мухар сүсэгтэй төдий хүмүүс биш. Бидэн дээр төрөл бүрийн шашинтай хүмүүс ирдэг. Бид бүгдийг нь хүлээж авдаг. Цаашдаа аль болох бүх Монгол хүнээ хүлээж авах хүсэл байна. Нийгмийг өөрчлөе гэвэл хүмүүсийг өөрчил, хүмүүсийг өөрчлөе гэвэл сэтгэлийг нь өөрчлөх хэрэгтэй. Тиймээс випашяна бясалгалын төвөө хүний сэтгэлийг гүнээс нь өөрчлөх, ингэснээр нийгмээ өөрчлөх, гэгээрүүлэх л зорилгоор ажиллуулж байгаа юм. Манай шинэ баригдаж буй төв маань нэг удаад 200 гаруй хүн хүлээж авах, дотроо жорлон, угаалгын өрөөтэй, бясалгал хийхэд тав тухтай орчин бүрдүүлсэн цогц байгууламж болно. Үүнийг  Ж.Од захиралтай “MCS property” компанийн зүгээс зураг төслийг нь  үнэгүй хийж өгсөн. Удахгүй баригдаж эхэлнэ дээ. Нэг удаад 200 хүн гэхээр жилдээ 4800 хүн ирж бясалгалд суралцах боломжтой гэсэн үг. Сүүлийн үед Өвөрмонголоос ч хүмүүс ирж байна, Оросоос ч ирж байна. Бясалгал бол бизнес биш. Тиймээс бид хэнийг ч ялгахгүй бүгдийг хүлээж авна. Энэ хаалгаар хэн дуртай нь орж ирж болно. Гэхдээ бясалгах чин хүсэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Хэн ч байсан бясалгалаа хийхгүй бол хөөгөөд л явуулчихдаг шүү.(инээв)

19420787_1535304099842527_6230380144297078188_n

Бясалгалын шинэ өргөөний шав тавих ёслол

Нүд.мн: Таныг гадаадын орнуудаар бясалгал заадаг гэсэн. Одоогоор ямар улсуудаар яваад байна вэ?

Д.Ширэндэв: Монголдоо бясалгал явуулах нөхцөл бүрдээгүй үед ОХУ, Энэтхэг, Латви, Белги гэх орнуудаар явж байсан. Өвөлдөө бол хорих ангиудаар явж бясалгал хийдэг.

Нүд.мн: Хорих ангиудаар явж бясалгал заадаг гэлээ. Эндээс та олон өөрчлөлтүүдийг харсан байх даа.

Д.Ширэндэв: Муу хүн гэж байдаггүй гэдэг шиг хүн үүрд муу чигээрээ үлдэхгүй. Тэнд байгаа зарим залуус маш ухаантай, мэдлэгтэй залуус байдаг. Хүн бүр хичээвэл сайн сайханд хүрч болно гэдгийг л хардаг даа.

Нүд.мн: Бидний урилгыг хүлээн авч, цаг заваа гарган бидэнтэй ярилцсан таньд маш их баярлалаа. Бясалгалаар дамжуулан ард олноо гэгээрүүлэх ариун цагаан үйлсэд тань чин сэтгэлийн угаас амжилт хүсье. Улам олон хүнийг бясалгалд сургахын ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.

Ярилцсан Л.Вася

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ