Хөвсгөл далайд бүүвэйлэгдсэн Ханх сум

0
135

          IMG_8601

Зун бол зугаатай, амралттай, аялалтай. Аялалаас туршлага, гэрэл зураг үлдэхээс илүүтэй дурсамж үлддэг. Зуны сарууд бүхэлдээ аялалын сарууд билээ. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг өнгөрсөн хаврын алжаалаа тайлж, ирэх намрын эрч хүчээ сэлбэж авах боломж гардаг. Энэ боломжийг бид ч бас алдахыг хүсээгүй тул Хөвсгөл аймгийн Ханх сумыг зорилоо. Улаанбаатараас Мөрөн хүртэл нийтийн автобусаар зорчсон нь аялалын хамгийн адал явдалтай хэсгүүдийн нэг юм. Басхүү зардалаа ч хэмнээд авлаа. Таван шар буюу бидний нэрлэж сурснаар Драгон төв дээрээс аялалын автобус хаашаа ч явахад бэлэн зогсоно. Холын тээвэр учраас ая тухтай, амарч хэвтэхэд илүү таатай байлгахыг бодолцсон хэдий ч хоног дамжин автобусанд явах нь ахмад настан, бага насны хүүхдэд тэвчээр заахуйц байсан нь гарцаагүй.

       IMG_7794

- Сурталчилгаа -

       IMG_7776

       IMG_8599

Шөнийн турш давхисаар өглөө эрт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ирээд Ханх хүртэл унаа олохоор харсан таарсан болгоноос асууж, сурагласаар дараагийн 300 км аялалдаа гарлаа. Бороо их орсон үед шавартай энэ зам дээр мөсөн гулгуурын талбай дээгүүр явж байгаагаас ялгаагүй аж. Тэшүүртэй гуталтай юм шиг тэнтэр тунтар гээд ой мод, бартаа намгийг туучин урагшилна. Харин эндхийн жолооч нар насаараа явсан туршлагатай хүмүүс тул арга эвийг нь олоод явчихдаг юм билээ. Хөдөө замд жийп машинаас гадна 69, Фургонууд гайхалтай сайн унаа шүү. Ахиад л шөнөжин давхисаар Ханх суманд үүрээр орж ирлээ. Замын туршид өнгөрөх байгалийн сайхан, үзэсгэлэнг та өөрийн нүдээр харах хэрэгтэй.

Ханхийн гаалийн хороонд ажилладаг авга эгчтэйгээ уулзангаа амралтаа өнгөрүүлэхээр ирсэн биднийг аяны хүмүүс хэмээн сайхан Монгол заншлаар айл бүр угтаж цайлсанд талархаад баршгүй.

Ханх сум 2000 гаруй байнгын оршин суугчтай. Аялал жуулчлалын бүс болсон энэ сум ОХУ-тай хил залгана. Ийм л цомхон сумын иргэд эрвийх дэрвийхээрээ амжиргаагаа залгуулдаг нь харагдаж байв. Талхаа барьчихна, мах сүүгээ бэлтгэж, тараг цагаан идээгээ боловсруулчихна. Мод бэлтгэл, загас агнуур гээд хангайн хишгийг хүртэж л амьдардаг улс даа. Хөвсгөлийн балиус загасны амт одоо ч аманд мэдрэгдэж байна.

        IMG_7807

       IMG_8623

Барьсан талх нь амттай, бүрсэн тараг нь сайхан юмаа. Байгалийн сайхныг бичихэд үг дутаж, үзэг мохох биз ээ. Солонгын өнгөөр гялалздаг үзэсгэлэнтэй Хөвсгөл  нуурыг дээрээс тольдоход өөгүй тэгшхэн мөс мэт цэнхэрлэж, намуухан долгилоно. Үдшийн бүрэнхий болоход салхины сэвшээнд далайн давалгааг сонсож суухад үүнээс илүү амар амгалан үгүй мэт бодогдоно.

Өвөл нуур хөлдвөл мөсөн дээгүүр машинаар ирж болдог ч гэлээ аюултай санагдлаа. “Модон дунд байдаг бид чинь өвөл даарахын зовлонгүй шүү дээ. Ай Улаанбаатар ч хүйтэн шүү” гээд инээлдэнэ. Далай ээждээ ивээгдэн, хангай дэлхийдээ хайрлагдан амьдрахын жаргал энэ бус уу.

Ийм сайхан газар аялал жуулчлалыг хөгжүүлж, сумаа өөд нь татаж, дэд бүтцийг хөгжүүлвэл ч удахгүй диваажингийн орон хэмээгдэж, хүн зон шавах нь гарцаагүй.

       IMG_7814

        IMG_7922

       IMG_7900

       IMG_7882

      IMG_8035

Нэгэнт хилд ойрхон ирсэн тул Оросруу гарч үзэхээр шийдээд замд гарлаа. Хил залгаа тосгон гэж хэлж болох Монды гэх газарлуу аяны жолоог заллаа. Хил давсан даруй засмал замтай залгаж байгаа нь хоёр улсын хөгжлийн ялгаа гэлтэй. Зам ахих бүр засварын ажлууд явагдаж байгаа нь бас л нэгэн хөгжил юм.

Түүхээс харвал нэгэн цагт Монгол улсын нутаг байсан энэ сайхан нутаг бол бидний эрх чөлөөнийхөө төлөө өгсөн хамгийн том төлбөр билээ. Орост үлдсэн буриад ахан дүүстэйгээ уулзахыг хүсэж, олон жил мөрөөдсөн Монголчуудыг цагаан хуудсаар зорчих эрхтэй болгожээ. Үүнээс гадна худалдаа наймааны харилцан ашигтай байдал ч нөлөөлсөн биз ээ.

Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт  гардаг Саяны нурууг эндээс харж болно. Ийм сайхан байгалийн эзэн болж чадаагүй гэхээр харамсах сэтгэл төрж байсаныг нуух юун. Хөвч хангай уул мод, рашаан ус цөм энд бий. Оросын буриадууд Монголчуудад элэгсэг бөгөөд Монголоор ярих гэж оролдох боловч цөөхөн хүн л монголоор ойлгодог болж үлджээ.

          IMG_8005

       IMG_8042

                           IMG_8156

           IMG_8131

                             IMG_8056

Аршан гэдэг газар аялал жуулчлалын бүс юм аа. Энд зургаан төрлийн рашаан байдаг ба жуулчдын хөл тасрахгүй. Үнэгүй урсаж байгаа эдгээр рашааныг савлаад зардаг нэгэн байхад ашиг тусыг нь шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж, зөвлөгөө өгдөг эмч, домч ч цөөнгүй бололтой. Тэдгээр эмчид үзүүлж, шинжилгээ өгсөний дараа тохирох рашааныг курсээр ууж эхлэнэ. Хаа газар бизнес сэтгэлгээ нь хөгжсөн улс байх юм даа.

Монгол болон казак хоолтой зоогийн газар хаа сайгүй тааралдах бөгөөд Хөвсгөлөөс ирсэн оюутан залуус голдуу ажилладаг. Тэднийг байр, хоолоор хангаж, цалин ч чамлахааргүй өгдөг гэнэ. Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулдаггүй болохоор насаа нууж ажиллаж байгаа хүүхэд ч тааралдав. Гэхдээ тэднийг арын албанд буюу гал тогоонд аяга таваг угаалгах, төмс ногоо арилгах ажлыг даалгадаг.

         IMG_8314

                            IMG_8306

Эндхийн хамгийн алдартай “Гурман” гэх зоогийн газар орж хуушуур идсэн ба олон улсын нэртэй сэтгүүл дээр хүртэл нэр нь гарч байсан зоогийн газар байв. Зарим хүүхдүүд зоогийн газар хуушуур, бууз хийж сураад нутагтаа очиж өөрийн гэсэн хоолны газартай болно гэж ярьж байлаа. Ахлах тогооч Монгол охин бидэнд амттай хуушуураа хэрхэн хийдэг арга, жороосоо хуваалцсан юм.

Аялал дууслаа, харих цаг боллоо. Буцах замдаа илүү амрыг бодож бид агаарын тээврийг сонгож, алжаалгүй хурдан очихыг хүссэн юм.

           IMG_8316

         IMG_8549

          IMG_8583

        IMG_8615

Ийнхүү Орос, Монголын нутгаар дамжин аялсан аялал минь мартагдашгүй бөгөөд давтагдашгүй байсан. Найз нөхөддөө, хамаатан садандаа санал болгох богц дүүрэн сонинтой, аялалаасаа буцаад ирлээ. Мянга сонсохоор Нэг үз гэдэг.  Монголын сайхан газруудаар аялж үзэх олон хүний очих дуртай газрын нэг болно гэдэгт итгэлтэй байна.

Аян замын тэмдэглэл хөтөлсөн Б.Ундрал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ