Таван настай охины амссан зовлонг 2016 онд 298 хүүхэд амссан

0
187

childabuse-final

Өчигдөр орой энэ асуудал жиргээчдийн яриа болон өрнөв. Бузар новшийнх нь эрхтэнг тасдая гэсэн уриа лоозон ч хөвөрч байв. Гэхдээ асуудлын гол нь эрхтэнийг нь тасдан хаяснаар шийдэгдэхгүй. Одоо байгаа ТОГТОЛЦООГ тасдан хаяснаар шийдэгдэнэ.
Зөвхөн нэг жилд нь 298 хүүхэд хүчиндүүлсэн гээд бод доо……. Маш жигшүүрт, аймшигтай тоо….
Иймэрхүү тоон мэдээтэй холбоотой олон кэйс уншсаны дараа бөөлжис цутгаж, өөрөө ч бараг галзуурах шахам болсон. Одоо тэр кэйс бүрийг хэлээд яахав. Ер нь бол тэр таван настай охины амссан аймшигт зовлонг 298 хүүхэд амссан гээд л бодчих. Гэхдээ энэ бол бүртгүүлсэн л тоо. Цаана нь хүчиндүүлсэнээ, бэлгийн дарамтад ордогоо хэнд ч хэлээгүй одоо хүртэл тас нууж байгаа хичнээн хүүхэд байгааг мэдэхгүй. Бас гэрийнхэндээ, дотны хүмүүстээ хэлсэн ч тэр БУЗАРыг шоронд хийгээд яахав, удам угсаа, гэр бүлийн нэр хүнд гээд гэртээ тас нуусан тохиолдлууд ч бий.

Иймэрхүү гэмт хэргийн дийлэнхи нь танилын эсвэл ураг садны хүрээнд үйлдэгддэг. Тиймээс хэрэгтэн ял завших, хэрэг цагдаа дээр бүртгүүлснээс хэтрэхгүй байх нь манай улсад элбэг.
Сэтгэл зүйчдийн хэлдэг зөвлөмжийг дамжуулахад та 3 настайгаас нь эхлэн охиддоо ингэж хэл:

- Сурталчилгаа -

Чих, хүзүү, бөгс, цээж, бэлэг эрхтэнд нь ээжээс нь өөр хэн ч хүрч болохгүй. Хэрвээ хүрвэл, илж таалбал шууд мэдэгд гэж хэл, ярилц. Гурван настай хүүхэд маш сайн ойлгоно. Зөвхөн охидод ч биш хөвгүүддээ ч энэ тухай ойлгуул. Гадны улс орнуудад бүр хэрхэн орилж хашгирах тухайн хүртэл заадаг гэх… Танилын, ураг садны хүрээний хүчирхийллийн хэрэг шууд нэг өдөр л болчихдог зүйл биш гэх юм билээ. Аажмаар… Тиймээс биеийнх нь хүрч болохгүй хэсэгт л хүрсэн бол тэрийг хүүхэд чинь мэддэг байх ёстой.
Бас хаа хол хөдөө гадаа хараа хяналтгүйгээр элдэв ах, дүү, найз нөхөд, өвөө эмээгийнх рүү нь бүү явуул. Зуны амралтаараа очоод авга, нагац ах хөдөөгийн малчин залуу зэрэгт хүчирхийлүүлсэн тохиолдлууд элбэг. Энэ бол ядаж бид өөрсдөө хийж болох урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

Харин ТОГТОЛЦООГ тасдаж хаяхын тухайд цагдаа, шүүх эмнэлэг, эмнэлэг, прокурор, хэвлэл мэдээллийн байгууллага гээд олон салбарыг дамнасан асуудал босч ирнэ. Ганц нэг жишээ хэлэхэд:

Жишээ нь 15 настай хүчиндүүлсэн охин цагдаад байцаалт өгөхөөр хүлээлгийн танхимд олон хүмүүстэй зэрэгцээд сууж байхад мөрдөн байцаагч нь ХӨӨЕ ХҮЧИНДҮҮЛДЭГ ОХИН нааш ир гэж дуудах… Хохирогчтэй хэрхэн харьцах, түүний сэтгэл зүйн талаарх анхан шатны ойлголтгүй нь харагдана. Мөн хохирогч хүүхдээс хэрхэн, хаана, яаж байцаалт авах тухай хуулийн суурь зарчим манай улсад хангагдсан ч хэрэгждэггүй. Хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээр дагнан мэргэшсэн байцаагч хүртэл хэрэгтэй л байгаа юм.
Жишээ нь 5 настай охин хүчиндүүлчихлээ гээд очиход мөнгөө өг гээд нэхээд суух хэмжээний ёс зүйтэй хүн л шүүх эмнэлэгт ажиллаж байна.
Жишээ нь амиа алдсан хүүхдэд задлан шинжилгээ хийхдээ ар гэрийнхныг нь байлцуулахгүйгээр, шинжилж хуулиа зөрччихөөд хээвнэг сууж л байна. Уг нь ар гэрийнхныг нь байлцуулах, таниулах зэрэг хуулийн заалтууд бий ч бас л хэрэгждэггүй.
Ачаалал ихтэй, цалин багатай, ажлын стресс ихтэй гээд тэдэнд ч өөрсдөд нь “амьд үхдэл” болтлоо сэтгэл зүрх нь хөрчихсөн тийм л сэтгэл зүйтэй хүмүүс байна. Ажлын орчин нөхцөл нь бүр ярихын эцэсгүй тамтан шүү дээ.

Хороо, нийгмийн ажилтан нар ч ийм хэргүүдийн дараа ажиллаж, хяналт тавьдаг. Гэтэл сонгуулийн үеэр дарга дагаж явж, нийгмийн ажилтан болсон туршлагагүй, мэдлэггүй, ойлголтгүй хүмүүс дүүрэн. Арай гэж хэдэн нийгмийн ажилтаныг сургаад мэргэшүүлж байхад сонгуулийн үеэр “хусагдчихдаг”.

Тэгээд бас болоогүй. Хохирогч хүүхдүүдэд хийх нөхөн сэргээх цогц эмчилгээ манай улсад байхгүй. Ганц нэг ТББ-ыг эс тооцвол. Төр ийм үйлчилгээ үзүүлдэггүй. Насан туршдаа хохирогчид хохирсоор дуусдаг. 2011 онд хийсэн ОУ-ын байгууллагын 4640 биеэ үнэлэгчийн дунд хийсэн судалгаагаар хоёр эмэгтэй тутмын нэг нь өмнө нь хүчиндүүлсэн гэсэн тоо гарсан. Аймшигт ирээдүй биш гэж үү?
Бас тэр хэрэгтнүүд ял завшаад л өнгөрдөг. Ял аваад авсан нь сэтгэл санааны хохирлыг нь барагдуулдаггүй. Бид ийм л тогтолцоотой.

Одоо тэгээд сенсаацлаад ч нэмэр алга байна ш дээ. Бид харж л байна. Манай нэг сэтгүүлчийн хэлснээр бидний нийгэм, бидний төр ийм л дүлий ш дээ.
Хүүхдүүд хүчиндүүлж, хүүхнүүд зодуулж, эрчүүд нь нэгнээ алж байна. Тэгээд ярихаар аймаар юмаа наадхаа битгий ярь, зүрх өвдчихлөө гэнэ. Чи мэдэж аваад тэмцэхгүй юм бол чиний хүүхэд бас л энэнээс дор нийгэмд нөгөө хүчирхийлэгчийн хүүтэй хамт алхана ш дээ. Бид энэ асуудлаас хол зугтаад явах ямар ч боломжгүй.

Хөгжил гэдэг чинь ая тухтай, айдасгүй эрүүл саруул амьдрахыг л хэлээд байгаа биз дээ. Гэтэл хар л даа бид хөгжил нэртэй олон байшиндаа дөрлүүлчихээд хүн нь хүн байхаа больчихсон нийгэмд наадхыг чинь сонсмооргүй байна гээд чихээ таглаад л явж байна шүү дээ.
Машины чинь дугуй хагарвал өө ямар лайтай юм бэ гээд тэр чигт нь давхидаггүй биздээ. Тэр чигтээ явбал онхолдож үхэх учраас аюулгүй байдлаа бодож дугуйгаа солиод эсвэл нөхөөд л явдаг. Гэтэл бид ГЭР БҮЛЭЭ үнэт зүйл гэж хардаггүй хагарчихсан дугуйтай төртэйгээ эвлэрээд бичсэн поост шээрлэхээс өөр юу хийж чадаж бгаа юм бэ? Биднийг ийм л учраас ТӨР чинь дүлий хэвээрээ бгаа юм. Хүчин, зодоон, хүн амины хэрэг чинь ер нь зөвхөн гэр хороололд болдог, ядуу хүмүүсийн хийдэг зүйл биш. Энэ буруу бодлоосоо ангижир.
ТОГТОЛЦООГ өөрчлөхөд нэгдэх ЗОРИГ ЗҮРХТЭН БАЙНА УУ? Компьютерийн цаанаасаа босоод ирээч та минь..

Эх сурвалж: Сэтгүүлч Болортуяа
Лантуун дохио ТББ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ