Ханс Юрген Райхард: Монголчууд чацаргана жимсээ газар дээрхи алт гэж билэгшээдэг гэдгийг мэдсэн

15
28174

25371443_1869740926387242_1953775592_o (1)

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн. Та сайн байна уу? Намайг Ханс Юрген Райхард гэдэг. Герман улсын иргэн. Дарсны технологич мэргэжилтэй. 16 настайгаасаа эхлэн гэр бүлийнхээ бизнест оролцож, дарсны бизнес эрхэлсэн. Хуучнаар ардчилсан Герман буюу зүүн Германы Бранденбург муж нь чацаргана тариалалтаараа  алдартай газар. Тэнд хүүхэд байхаасаа л чацаргана жимсний чанамал, шүүс хэрэглэж өссөн дөө. Харин баруун Германд бол үүнийг тийм ч сайн мэддэггүй.

- Сурталчилгаа -

Анх яагаад дарсны бизнес эрхлэх болов? Дарс сонирхох шалтгаан юу байв?

Анхнаасаа гэр бүлийнхэн маань дарсны бизнес эрхэлж байсан болохоор би мэдээ орсон цагаасаа л дарсны талбайд хөлд орсон гэж хэлж болно. Алим, интоор, нэрс гэх мэт түгээмэл гэгддэг жимсний талбай дээр хүүхэд байхдаа ажилладаг байлаа. 22 настайдаа хүнсний технологич, ялангуяа дарс исгэлтийн технологич мэргэжилээр Бранденбургийн Их Сургуулийг төгссөн. Төгссөнөөсөө хойш өөрийн гэр бүлийн үйлдвэртээ дарс исгэж ажиллаж байна даа.

Та ингэхэд Монголтой яаж холбоотой болсон юм бэ?

Монголтой 2009 оны зун холбогдсон гэж хэлж болно. Тэр жил ажил дээрээ сууж байхад нэг монгол залуу Берлинээс утсаар ярьж, өөрийн компаниа танилцуулсан нь Цэс Хайрхан компанийн ажилтан байсан. Тэд ч мөн чацарганаар бүтээгдэхүүн хийдэг, гэхдээ Монгол оронд ургадаг зэрлэг чацарганаар дарс бүтээгдэхүүнүүдээ хийдэг гэдгээ хэлсэн нь миний сонирхлыг ихэд татсан. Манай хаягийг интернэтээс олж авсан гэдгээ хэлээд ирж уулзаж чацарганаар дарс хийж сурах хүсэлтэй байгаа дуулгахад нь би дуртайяа зөвшөөрсөн. Учир нь бидний хүсэл сонирхол нэг байсан нь ийнхүү холбоо тогтоох шалтгаан болж байгаад баяртай байлаа. Түүнээс гадна ардчилсан Германд Монгол гэдэг улс нь социалист тогтолцоотой байсан улс гэдгээрээ танигдсан учраас их ойр сонсогдсон. Ялангуяа Ардчилсан Германы чацарганы сорт дээр Монгол эрдэмтэд 1980-аад оны сүүлээр хамтран ажиллаж байсан. Миний хувьд ерөнхийдөө Монголын талаар ойлголт байсан хэдий ч орчин үеийн Монголчууд зориод ирнэ гэдэг нь ихэд сонирхол татаж байлаа. Ингээд Монголоос ирсэн хоёр залуу маань маргааш орой нь манай тосгонд ирээд утсаар яриад хаана байдгийг заалгаж аваад л хүрээд ирсэн. Шуурхай байсан шүү.

Анх Монголчуудтай уулзаж, танилцахад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Яагаад ч юм надад ихэд дотно сэтгэгдэл төрж байсан. Учир нь Ардчилсан Герман болон Монгол хоёрын хооронд нийгмийн тогтолцооны ижил төстэй олон зүйлүүд бий. Бид хоорондоо ойлголцоход ч хялбар байсан. Анхны уулзалтаар л би тэдэнд бүх зүйлээ танилцуулсан. Надад нууж хаах зүйл байгаагүй. Үдээс хойно хоол идээд сууж байтал тэд маш хурдан шийдвэр гаргаж, намайг ирэх сард Монголд зочлооч гэж урьсан. Тухайн үед надад тийм яаралтай шийдвэр гаргахад хүндрэлтэй байлаа. Герман дахь ажлаа зохицуулах шаардлагатай байсан л даа. Түүнээс хойш зургаан сарын хугацаанд үйлдвэрийнхээ мэдээллийг солилцож байгаад Монголд очоод ажиллахаар тохиролцож болох байсан хэдий ч үйлдвэрт ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн асуудал үүссэн. Үүнийгээ зохицуулчихвал би очихоо амласан. Тэд ч миний хүсэлтийг шуурхай биелүүлсэн. Харин миний зүгээс өөрийн хэрэглэдэг багаж хэрэгслээ аваад очсон юмдаг. Монголд очиход тус үйлдвэрийнхэн эхний ээлжинд 150 орчим мянган литр чацарганы дарс бэлтгэх боломжтой бүхий л нөхцлийг хангасан байсан.

25383099_1869740949720573_1499422223_o

Монголд анх ирэхэд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Тухайн үед монголын дарс үйлдвэрлэлт ямар шатанд явагдаж байсан бэ?

Зургаан сарын дараа Монголд ирэхэд өвлийн ид хүйтэн тачигнаж байлаа. Улаанбаатар хотыг би хамгийн хүйтэн нийслэл гэж мэддэг байсан хэдий ч ийм орчин үеийн хот гэж төсөөлөөгүй байснаа нуух юун. Хотын төврүү ороход байшин барилга, гудамж талбай нь манай хотуудаас дутахааргүй байсанд гайхаж байснаа тодхон санаж байна. Үйлдвэрийн тухайд тэд бүхий л боломжийг хангачихсан байсанд ихэд урамтай санагдаж билээ. Герман дахь миний ажилладаг үйлдвэрийн арай багасгасан хувилбар юм шиг санагдсан. Харин лабораторийн төхөөрөмжүүдээ би өөрөө авчирсан. Боловсон хүчний хувьд монголд дарсны исгэлтээр мэргэшсэн хүн байгаагүй. Хүнсний технологич гэх мэргэжлээр төгсдөг юм билээ. Лаборант мэргэжлийн хүмүүс боломжийн түвшинд бэлтгэгддэг юм билээ.

Монголоос дарс исгэлтээр мэргэшсэн хүн олоогүй юу?

Монголд социализмын үед хоёрхон хүн дарс исгэлтээр тухайн үеийн ЗХУ-д суралцаж төгссөн гэнэ. Дарсны үйлдвэр байхгүй болохоор тухайн үедээ архины үйлдвэрт ажилласан юм байна билээ.

Энд ирээд хамгийн том зорилго тань юу байсан бэ?

Мэдээж чацаргана исгэж дарс гаргах том зорилготой ирсэн. Учир нь би чацарганыг исгэх гэж амьдралынхаа 40 жилийг зарцуулж эцэст нь 2002 онд анх чацаргана исгэж, дарс гаргаж авч байлаа. Тиймээс Монголын энэ үйлдвэрт монгол чацарганаар дарс исгэх туйлын хүсэлтэй ирсэн гэж хэлж болно. Дэлхий дээр чацарганы 28 орчим төрлийн сорт байдаг. Мэдээж Германы чацарганы сорт, Монгол чацарганы сортоос өөр л дөө. Монголын үйлдвэрийн хувьд бид Алтайн нурууны “Монголика” гэдэг чацарганы сортыг ашиглаж исгэхээр болсон. Энэ нь Алтайн нурууны оросууд, шинжааны уйгарууд болоод монголын увс орчмын чацарганы сорт  юм. Энэ талаар миний зүгээс сайтар судалгаа хийсний үндсэн дээр эхний ээлжинд гурван төрлийн хөрөнгөн дээр ажилласан. Мэдээж сорт нь өөр болохоор хөрөнгө болоод тунгаажуулдаг бодис гээд бүх зүйлийг туршилтаар хийж ахин баталгаажуулах шаардлага гарсан. Эхний хоёр хөрөнгө бол миний анхны туршилтуудтай адил бүтэлгүй болж, үүнээс хойш хоёр сарын турш олон янзаар туршиж үзсэн боловч бүтээгүй. Харин аз болж гуравдахь буюу сүүлчийн хөрөнгөөрөө исгэсэн чацаргана маань амжилттайгаар дарс болсон. Сүүлийн удаа исгэлтээ хийхдээ маш нямбай, өдөр шөнөгүй ажиллаж, хэмийг нь цаг тутамд бүртгэж, хөрөнгөнийхөө хооллолтыг нарийн хэмжихээс эхлээд их нарийн ажиллагаа шаардсан. Энэ бүхний үр дүнд амжилттай исгэж чадсан даа. Гэхдээ исгэлтийн хувьд  монгол чацаргана илүү хугацаа, анхаарал халамж шаарддаг. Гэсэн хэдий ч монгол жимс нь герман жимсийг бодвол байгалийн зэрлэг жимс учраас хавьгүй илүү амттай дарс гарсан.

25371049_1869740946387240_484286614_o (1)

Яагаад чухам Монгол чацарганыг исгэе гэж зорьсон юм бэ?

Дарсыг баруун европт хамгийн түгээмэл ургадаг усан үзмээр исгэж хийдгээс гадна туршлага болон технологийн хувьд хэдийнээ хүн төрөлхтөн нээж олоод, хийгээд сурчихсан. Бусад жимсний хувьд ч тэр түгээмэл бөгөөд бүх туршилтууд нь хийгээд батлагдчихсан. Интоор, алим, нэрсийг сүүлийн үед их судалсан. Бусад жимсний хувьд энгийн, уламжлалт технологиор исгэж болдог боловч чацарганыг огт исгэж болохгүй байсан нь миний гайхшралыг төрүүлж байсан. Миний хувьд хэцүү бэрх болгоныг давж гарах, түүнийг туршиж үзэхийг хүсдэг. Энэ ч хүсэлдээ автаж, чацарганыг исгэхийн тулд амьдралаа зориулсан гэж хэлж болно. Эцэст нь би зорилгодоо хүрсэн. Чацарганыг исгэж чадсан. Энэ туршлага, ололтоо би авсандаа аваад үхэхгүйгээс хойш үүнийг үр хойчдоо өвлүүлж, хэн нэгэнд зааж сургахыг үргэлж хүсдэг байлаа. Германд манай дарсны үйлдвэр энэ технологийг ашигладаг ч гэлээ дэлхийн хаа нэгтээ өөр газар шинэ бизнес дээр туршиж үзээд авна гэдэг миний хувьд бахархууштай явдал шиг санагдсан. Харин азаар монголчууд дунд үүнийг сонирхож, дурлаж, хийхийг зорьдог хүмүүстэй танилцсанаа маш их азтай явдалд тооцдог.

Монгол чацарганыг исгэхэд нийт хэдий хэр хугацааг зарцуулсан бэ?

Монгол чацаргана исгэхэд ойролцоогоор гурван жил зарцуулсан. Үүний дараа л яг тогтсон технологоо баталгаажуулж бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн.

Одоогоор монгол чацаргана жимсээр ямар бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд гар бие оролцсон бэ?

Чацаргана жимсээр хамгийн анх 2010 онд дарс хийсэн. Монгол уйгаржин бичгээр “Чацаргана” гэж бичээд 2011 онд худалдаанд гаргасан боловч монголчууд тийм ч эерэг хүлээж аваагүй. Монголчуудын хувьд өөрсдийгөө дарс хийнэ гэдэгт итгэлгүй байх шиг санагдсан. Харин энэ дарсаа тэр жил АНУ-ын Сан Франциско хотын ОУ-ын дарсны үзэсгэлэнд явуулсан чинь хүрэл медаль авчихсан. Тэрхүү үзэсгэлэн дээр нэг Герман шүүгч байсан. Тэр шүүгч чацарганыг исдэггүй жимс гэдгийг мэддэг хүн байж л дээ. Тиймээс энэ бүтээгдэхүүн зайлшгүй шагнал авах ёстой гэж зүтгэсэн үүднээс бидний гаргасан бүтээгдэхүүн хүрэл медаль авсан. Үүнээс хойш гурван жилийн турш энэ бүтээгдэхүүнээ улам сайжруулж, худалдаанд гаргасан. 2015 онд Японд болсон тус улсын хамгийн том хүнсний үзэсгэлэнд өмнөх дарсныхаа савалгааг өөрчлөөд явуулж байлаа. Тэнд эхний өдөр дарс гэдэг ерөнхий нэр бичээд тавьсанд цагаан дарс гэж ойлгоод амссан боловч хачин өөр амттай байсанд тэд маш их гайхаж байсан.  Харин маргааш өдөр нь япон ханзаар чацарганы дарс гэж бичээд орхисонд япончууд чацаргана гэдэг нэрэн дээр маш ихээр ач холбогдол өгч эхэлсэнийг санаж байна. Монголчуудыг дарс хийдэг гэж бодоогүй гэх үгийг тэд хэлж байлаа.

25400915_1871112296250105_1109476286_o

Та монгол чацарганыг дэлхийд таниулахад маш их хувь нэмрээ оруулсан гэдгийг олон хүнээс сонссон. Танд баярлалаа.

Миний хобби гэж хэлж болох энэ зүйлд сэтгэлээ зориулсан болохоор анхны монгол чацарганы дарсандаа их ач холбогдол өгч ажилласан. Маркетингийн ажлыг нь ч өөрөө хийсэн. Германд үйлдвэрлэгч, борлуулагчид гэдэг тусдаа байдаг. Салбар салбартаа тус тусын ажлаа хийдэг. Үйлдвэрлэгчид хэзээ ч маркетингийн ажил хийдэггүй. Би бол үйлдвэрлэгч хүн. Надад маркетингийн талын мэдлэг хомс. Гэсэн хэдий ч би монгол чацарганыг дэлхийд таниулахын тулд мэдэхгүй зүйлээ мэдэхийг хүссэн. Монгол чацарганы дарсыг олонд таниулахын тулд маркетингийн төлөвлөгөө боловсруулсан. Амталгаа хийх хүмүүсээ сонгох, тэдэнд дарсны тухай мэдлэг, ойлголт өгөхийн тулд өөрийн мэддэг бүхий л зүйлээ заасан.

Чацарганы 28 сорт байдаг гэж хэллээ. Усан үзмийн хэдэн төрлийн сорт байдаг юм бэ?

Усан үзмийн 19 мянган төрлийн дарсны сорт байдаг. Алимны хувьд мянга гаруй төрлийн сорт байна. Интоор, нэрсний хувьд сүүлийн 200-300 жилийн турш туршиж үзсэн учраас олон төрлөөр хийж чаддаг болсон. Чацаргана бол сүүлийн 20 жилд дарсанд хэрэглэгдэж байгаа шинэ төрлийн жимс юм. Тиймээс дэлхий нийтээр энэ шинэ амтанд татагдан, дурлаж байгаа.

25371380_1869740916387243_1524456776_o

Цэс Хайрхан компанийн технологи ямар технологи юм бэ?

Энэ компанийн дарс исгэлтийн технологи нь орчин үеийн баруун европын сонгодог дарс үйлдвэрлэгчидтэй эн тэнцүү хэмжээнд үнэлэгдэх технологи юм шүү дээ. Франц, Германд дарсны ямар шүүлтүүр, технологи ашигладаг, тэр бүгдийг нэвтрүүлж чадсан. Мөн хөрөнгөний хувьд европын жишгийн дагуу өсгөж үржүүлдэг юм билээ. Дарсны хөрөнгө болон 20 орчим нэр төрлийн нэмэлтүүд байдаг. Тэдгээрийг бүгдийг герман улсаас оруулж ирдэг нь миний хувьд ажиллах таатай нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Үүн дээр ганц ялгарах зүйл бол чацарганы сорт байдаг. Германд бид фругана херго болон лейкора сортын чацаргана ашигладаг. Түүнээс гадна ази хүмүүсийн амтлах мэдрэмж европчуудаас өөр байдаг. Европчууд жимсний дарсан дээр хуурай хүчиллэг амтыг таашаадаг. Энэ нь мэдээж бидний хоол хүнс, цаг уур, амьдралын хэв маягтай холбоотой. Монголчууд болоод азиудын хувьд илүү чихэрлэг, зөөлөн төрлийн дарсыг таашаадаг. Үүнд таарсан амтыг Монголд хийх боломжтой гэдэг нь ажиглагдсан.

Шампанск болон хөөстэй дарсны ялгааны талаар уншигчдад мэдээлэл өгөөч?

Сонгодог шампань дарсыг шилэн дотор нь исгэдэг. Нэгдүгээр исгэлтийг битүү танкан дотор исгэсний дараа хоёрдугаар исгэлтийг үлдэгдэл сахартай нь хамт шилэн дотор нь исгэдэг. Шилэн дотор үлдэгдэл сахарыг нь исгэхэд нүүрсхүчлийн хий нь гадагшилдаггүй. Ингэснээр дарстайгаа нэвчих технологи нь шампань дарсны давуу тал гэж үздэг. Хөөсөрдөг дарсны хувьд танкан дотроо бүгдийг исгэдэг. Шилэн дотор исгэхээс ялгаа байхгүй. Нүүрсхүчлийн хий өөрөө жаахан хүхэр мэт үнэр ялгаруулдаг. Үүнийг чацарганы өвөрмөц, исгэлэн үнэрээр дарж өгсөнөөр тэр эвгүй үнэр үнэртэхгүй болсон. Шилэн дотор иссэн шампаний хөөс илүү хөөсөрдөг бол ганц исгэлтээр гаргасан дарсны хөөс хурдан буух магадлалтай.

Та өдөрт хэдэн хундага дарс уудаг вэ ?

Намайг дарс уухгүйгээр төсөөлөөд үз дээ. Би чинь дарсан дээр өссөн хүн шүү дээ (Инээв)

Танд ямар дарс илүү таалагддаг вэ?

Манай агуулахад усан үзмийн дарс 30 хувийг эзэлдэг. Бусад нь жимсний дарснууд байдаг. Интоор, нэрс, гүзээлзгэнэ гэх мэт олон жимсний дарсны цуглуулгатай.

Монголд чацарганаас өөр жимсний дарс хийж туршиж үзсэн үү?

Үзэлгүй яахав. Улаан усан үзмийн сортоор хийгддэг Merlot, Cabernet дарсны сортыг би өөрөө сонгож хийсэн.

Анх таныг Монголд ирэхэд монголын дарсны үйлдвэрлэл ямар шатанд байсан бэ?

Улаанбаатарт 4-5 үйлдвэр байсан. 2010-2015 оны хооронд импортын дарснууд ихээр орж ирснээс болж монгол дарсны хэрэглээ эрс багассан. Одоо Монголд хоёр дарсны үйлдвэр байна. Ийм жижиг дарсны үйлдвэр байхгүй болж байгаа нь маш харамсалтай санагддаг. Анх намайг ирсэний дараа Бенедакт компани дампуурахад надад маш харамсалтай санагдсан. Тийм гоё үйлдвэр хаагдсанд би их харамссан.

Монголчуудын дарсны хэрэглээ, соёлын талаар таны хувийн бодлыг сонсмоор байна.

Монголчуудын өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ миний сэтгэлийг их эмзэглүүлсэн.  Архи , пиво монголчуудын биеийн онцлог болоод уламжлалд тохиромжгүй юм шиг санагддаг. Монголд архи нь дарснаасаа хямдхан үнэтэй байгаа нь сонин байсан. Хэрэв архины хэрэглээг багасгая гэж бодож байвал дарсыг хямдхан болгох хэрэгтэй. Монголчуудын биеийн онцлог, хоол хүнсний хэрэглээнд дарс хамгийн тохиромжтой. Та нар мах их хэрэглэдэг. Өөх тостой зүйл идсэн хүн хатуулаг ихтэй согтууруулах ундаа хэрэглэж болохгүй шүү дээ, болохгүй.  Хатуулаг ихтэй согтууруулах ундаа нь мах гурилтай огт тохирохгүй. Мэдээж олон зуун жил газар нутгийн онцлог, цаг уурын онцлогоос шалтгаалж уламжлагдан ирсэн энэ хоолны соёл устахгүй. Тиймээс зөв хооллолт болон, зөв хэрэглээг нэвтрүүлэх шаардлагатай юм гэж зөвлөмөөр байна.

Цагаан дарс болон улаан дарсны ялгааг хэлж өгөөч?

Цагаан дарс болон хөөстэй дарсны хүчил нь их байдаг. Цагаан усан үзэм нь илүү их чийг шаарддаг бол улаан дарс илүү нар шаарддаг.

Чацарганатай оргилуун дарс исгэсэн гэсэн. Тэр талаараа сонирхуулж ярьвал?

Тийм ээ. Эхний жилүүдэд хийсэн дарс бол дөлгөөн дарс буюу хөөсгүй дарс юм. Оргилуун дарсны хөрөнгөн дээр мөн энэ жилийн турш ажиллаа. Бас нэгэн шинэлэг зүйл хийсэндээ баяртай байна. Үүнийг хийх явц бусад дарснаас нэг их ялгаа байхгүй ч амтны хувьд ялгаатай. Дөлгөөн дарс нь илүү зөөлөн, жимслэг байдаг бол оргилуун дарс хүчиллэг болдог юм. Би зөвхөн хөөсөрсөн оргилуун дарсыг нь л гаргаж өгсөн. Бусдыг нь энэ залуус өөрсдөө хийсэн. Дээр хэлсэн шүү дээ, би чинь маркетингийн талаар маруухан хүн гэж. Эдний гаргаж ирсэн брэндийг хараад дотроо дэлхийн хаана ч аваачсан нүүр бардам байж болохоор болжээ гэж бодоод их сэтгэл баяссан шүү. Монголчууд чацаргана жимсээ газрын дээрх алт гэж билэгшээдэг юм билээ. Тэр утгаараа алтан мэт шилэн дотор алтан жимсээрээ исгэсэн оргилуун дарсаа хийж, дээрээс нь цэвэр алтны үйрмэг нэмээд бий болсон бүтээгдэхүүнээ  Aureus латин хэлээр Алтан хэмээн нэрийдсэн байна билээ. Надад маш их таалагдсан.

25400962_1871120532915948_1582809896_o (1)

Монголд дарс үйлдвэрлэхэд одоо цаашид юу дутагдалтай байна?

Монголоос дарсны технологич гэдэг мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай гэж боддог. Хүнсний технологич гэдэг мэргэжлээр суралцаж төгсөж байгаа хүүхдүүд зөвхөн химийн томьёо мэдэхээс хэтрэхгүй байгаа нь хүндрэлтэй санагдсан. Миний хувьд өөрийнхөө бүтээгдэхүүнээс илүүтэй монголын бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд таниулах үйлсэд хувь нэмэр оруулсандаа баяртай байгаа.

Монголд амьдрахад хамгийн хэцүү зүйл нь юу байна вэ?

Замын түгжрэл үнэхээр хэцүү санагддаг. Монголчуудыг яаж ингэж машин бариад байгааг би ердөө ойлгодоггүй. Ийм өргөн сайхан замтай, гэрэл дохио нь хэвийн ажилладаг. Гэхдээ жолооч нар замын хөдөлгөөндөө соёлтой оролцох хэрэгтэй юм шиг санагдсан. Миний бодлоор жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох сэтгэхүйг өөрчлөх шаардлагатай гэх бодол төрснөө нуугаад яахав.

Та монгол чацарганы “барашик” амсаж үзсэн үү ? Дарснаас чухам яг юугаараа ялгаатай вэ ?

Амсаж үзсэн. Европ ч бас өрхийн нөхцөлд жимсний шүүсийг исгэж барашик хийдэг. Гэхдээ мэдээж зориулалтын түүхий эдээр, талхны хөрөнгөөр лав биш /инээв/

Үйлдвэрлэлийн хувьд дарсны нэгдүгээр исгэлт гэж байдаг. Хөрөнгө тодорхой хэмжээний хатуулаг бий болгож исэлт явуулаад дараагийн шатанд бэлэн болдог. Үүний дараа 2-р исгэлт, тунгалагжуулах процесс, шүүлтийн 2-3 дамжлага, гэх мэт шат дараатай олон дамжлагатай.

Дарсны зориулалтын хөрөнгө гэж бий. Сорт бүрийн онцлогтой. Жинхэнэ дарсны амт үнэр хөрөнгөө хэрхэн сонгохоос их хамаарна.

Хоёрт, исгэлтийн үеийн температурын хяналт гэж бий. Хэт хурдан, халуун орчинд исгэлт явагдвал жимсний сайхан амтууд үгүй болох магадлалтай. Иймээс бид үйлдвэртээ хамгийн тохиромжтой электрон хяналтын системийг ажиллуулж байна.

Мөн шүүлтийн процесс. Исгэлтийн явцад үүссэн олон төрлийн бодисын задралууд, үлдэгдэл хөрөнгө гэх мэт зүйлийг бүгдийг шүүж авах шаардлагатай. Хөрөнгө ойролцоогоор 1 микрон мм хэмжээтэй. Бид 0,8 микро мм-ийн шүүлтээр бүх шаардлагагүй исгэлтийн дайвруудыг шүүн авч байгаа.

Танд баярлалаа. Монголчуудтай хамтран ажиллах цаашдын ажил үйлст тань улам их амжилт хүсэн ерөөе.

Танай сайтын хамт олонд ч бас намайг урьж ярилцсанд баярлалаа. Монголчуудтай хамтран ажиллахад үргэлж урам зоригтой байдаг шүү.

Ярилцсан nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 СЭТГЭГДЛҮҮД

  1. Сайхан мэдээ байна. Монголчууд маань юм юм л хийж сурч байна даа. Ийм бүтээгдэхүүнүүдээ төр засагаас дэмжээд, бүс нутгийн, цаашлаад тив дамнасан Бренд болгох хэрэгтэй байгаа юм.

  2. Импортын бүтээгдхүүнд цохигдон үндэсний үйлдвэрүүд дампуурч байгааг манай энэ годил дарга нар мэддэг болов уу?

  3. Сайхан мэдээлэл байна. Энэ хүний сэтгэлийг нь татан, мэдлэгийг нь ашиглаж, хамтран ажиллаж буй Монголчуудаар бахархаж байна. Улам их амжилт хүсье. Мах гурилтай цагаан архи яагаад зохицдоггүй юм бол? Үндэслэл сайтай бол Монголчуудын эрүүл мэндэд их ач тустай баймаар санагдаж байна. Энэ талаар энэ хүнээс асуух юмсан

  4. Нэг сайхан зүйл монголд алгаа. Ард нь нөгөө хавдар үүсгэдэг гээд бгаа хужаа хөх сав бна. Тэрэнд удтал нь байлгаад дараа нь савлах уу яах бол. Амьд явах баталгаа хаана бна аа. Яана даа. Бүх үйлдвэрүүдэд шалгалт явуулж сав суулгыг нь шалгамаар юмаа.

  5. Манайх чацаргана тариалагч учраас дарс үйлдвэрлэхийг их дэмжиж түүхий эдээр хангах, хамтран ажиллах сонирхолтой байна.

  6. Сайхан сэтгэлтэй сайн хун байна.Амжилт эруул энх баяр баясгалан урт нас сайн сайхан бухнийг хусэн ер-е!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ