Монголын хээр талаас дэлхийн дуурийн дуучин төрдөг

0
768

2425

Монголын хээр талаас дэлхийн дуурийн дуучин төрдөг

Ийм утгатай нийтлэл Guardian сайт дээр байхыг хараад өөрийн эрхгүй сонирхон уншлаа. Энэхүү нийтлэлд  хээр  талд хоолойн цараар дуулж өссөн Монгол хүүхдүүд хэрхэн дэлхийн алдартай дуучин болдог тухай өгүүлэхдээ дуурийн дуучин Ариунбаатараар төлөөлүүлэн бичсэн нь сонирхол татлаа. Уншигчиддаа энэхүү нийтлэлийг хүргэе.

Өнгөрсөн зун Кардиффт болсон дуурийн дуулаачдын тэмцээн нь  Монгол улсын  нийслэл Улаанбаатарт шуугиан тарьжээ.  BBC-ээс зохиогддог  “Дэлхийн Кардифф дуучин” хэмээх шоуны төсгөлийн шатанд шалгарсан дуучид тус шоуны шүүгч Мэри Кингийн анхаарлыг ихээр татаж байлаа. Ялангуяа Монголын баритон дуучин Ганбаатарын Ариунбаатар түүний сэтгэлийг ихэд хөдөлгөж орхисон юм. Хүдэр бие өргөн цээжтэй, нүүр дүүрэн инээмсэглэсэн 29 настай залуу Россини болон Верди, Чайковскийн дуурийг дуулж олныг баясгалаа. Түүний талаар Мэри Кинг хэлэхдээ “Түүний хоолойд ямар нэгэн сүр хүч, тансаг зүйл оршиж байсан. Ийм гайхалтай үзэгдэл,  хүч чадал, энгийн байдлыг цогцоор нь нэг хүнээс олж сонсох нь ховор тохиолдол ” хэмээжээ.

- Сурталчилгаа -

3626

Ариунбаатарын хувьд  бусад оролцогчид болох дэлхийн  гайхалтай дуурийн дуучид шиг үүх түүх байхгүй. Тэрээр Монголын эгэл жирийн гэр бүлд өсөж, хүмүүжсэн бөгөөд нүүдэлчин удмын гэр бүлийн хамтаар монгол гэрт амьдарч, морин дэл дээр тал нутгаар салхи татуулан давхиулж өсжээ. Хүүхэд байхдаа тэрээр өдөрт 90 гаруй км газрыг мориор туулдаг байжээ. Ингэж давхиж явахдаа Ариунбаатар үргэлж л дуулж явдаг байж. Тэрээр Улаанбаатар хотод Их Сургуульд суралцах урилга авсан боловч эхний хоёр жил суралцаад, сургалтын төлбөрөө төлж чадахгүйн улмаас сургуулиа орхижээ. Үүний дараа  таксины жолооч хийж, нэг орой цагдаагийн офицер  үйлчүүлэгчтэй таарсан нь түүний амьдралыг өөрчлөх алхам болжээ. Тэрээр Улаанбаатар хотын Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад ажиллах болсноор сургуульдаа ахин суралцах боломж олджээ. Үүнээс хойшхи түүхийг та бид мэднэ. Ариунбаатар ОХУ болон Европын дуурийн тайзнаа гялалзаж эхэлсэн юм.  Энэ л түүх миний сонирхлыг ихээр татаж байлаа. Тийм ч учраас би гурван сарын дараа радиогийн продюссераа дагуулаад, дуу бичлэгийн багаж хэрэгслээ үүрээд Улаанбаатарыг зорихоор нислээ.

Миний хувьд бусад жуулчдын адил Монголын талаархи нийтлэг төсөөлөлтэй газардсан. Чингис хаан, говийн элсэн цөл,  хоёр бөхт тэмээ, зэрлэг адуу, хөөмийчөд гээд дэлхийн бүх хүн мэддэг түүхүүд. Миний гартаа барьж явсан туслах номонд социалист дэглэмтэй байсан Монгол улс нь нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан бөгөөд одоо 3 сая гаруй хүн амтай энэ улс Орос, Хятад хэмээх хоёр хүчирхэг гүрний дунд орших далайд гарцгүй орон гэж бичжээ.  Түүнээс гадна “Айлд ороод өгсөн айргийг нь ууж дуусгалгүй буцааж өгөх нь бүдүүлэг. Айргаар дайлах нь найрсаг байдлыг илэрхийлэх нэг уламжлал” гэсэн байв. Гэвч уг номонд  яагаад дуурийн урлаг өнөөгийн Монголд ийм өргөн хүрээтэй тархсан талаар бичээгүй байв. Ариунбаатарын авсан шагнал санамсаргүй аз биш юм. 2015 онд тэрээр ОХУ-д зохиогдсон Чайковскийн нэрэмжит уралдаанд эрэгтэй гоцлол дуучны төрлөөр тэргүүн байрыг хүртэж байсан. Түүнтэй адил олон мундаг дуучид байдагаас Энхбатын Амартүвшин нь Кардиффт оролцсон анхны монгол дуучин бөгөөд 2015 онд төгсгөлийн шатанд үлдэж чадсан. Өнгөрсөн жилийн тэмцээнд тенор дуучин Баярсайханы Батжаргал оролцсон гээд монгол дуучдын нэр алдар тасрахгүй.

Монгол улс 1921 онд БНХАУ-аас салж тусгаар тогтнолоо бататгаж, ОХУ-ын тусгаар нэгэн муж болсон гэж түүхэнд бичсэн байдаг. Энэ үеэс Монголоос олон дуучид ОХУ болон Герман, Польш улсуудад дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцах болжээ.  Тэгэхээр Монголчууд хойд хөршөөсөө дуурийн урлагийг анх нутагшуулсан гэж хэлж болох хэдий ч энэ нь бас өрөөсгөл юм.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хэмээх тоорын өнгөт сонгодог загвартай ягаан барилга нь Улаанбаатар хотын төв талбайд байрладаг. Энэ байгууллага нь 1963 онд анх үйл ажиллагаа эхлэн, үүд хаалгаа нээж, тухайн үед орос дууриар буюу Евгений Онегин дууриар эхлүүлж байжээ. Өнөөдөр уг театр 285 ажилтантай ба жилд 100 орчим тоглолтыг үзэгчдийн хүртээл болгодог. Монголчууд өөрсдийн гэсэн дуурьтай бөгөөд  Б.Дамдинсүрэнгийн зохиол “Учиртай гурван толгой” дуурийг 2022 удаа тайзнаа тогложээ. Хэдийгээр дуурийн урлагийг ОХУ-аас нутагшуулсан ч гэлээ уг үндэс нь монголчуудад байсан гэж хэлж болно. Учир юун хэмээвээс газар орны байдалтай холбоотой гэнэ. Миний танилцсан залуу антропологич Шагдарын Туяагийн хэлснээр “Бид цөөхүүлээ. Дэлхий дахины анхааралд өртөхийн тулд уламжлалаараа дамжуулан дэлхийд танигдах учиртай” гэж байв. Түүний хэлж байгаагаар Монголчууд урд болон хойд хөршийнхөө уламжлал, соёлд уусаагүй.  Бидэнд өөрийн гэсэн уламжлал соёл бий хэмээн өгүүлэв. Түүхээс харвал Монголчууд угаас авьяаслаг, дуучин ард түмэн. Дуурийн дуутай адил хөөмий нь бас нэг төрлийн хоолойн цар хүрээ шаардсан уламжлалт урлаг ажээ. Хөөмийлж сурахын тулд олон жил мэргэжлийн багшаар удирдуулан заалгах шаардлагатай байдаг. Хөөмийлж байгааг ойроос сонсоход цэвэр байгалаас заяасан хоолой сонсогдоно.  Бид Ваанчигийн Баатар хэмээх хөөмийч залуугийн хөөмийлөхийг дуу хураагууртаа бичиж  авсан нь миний сонсож байсан хамгийн гайхалтай, баргил, цэвэр тунгалаг хөг аялгуунуудын нэг байлаа. Тэрээр өөрийнхөө хоолойг яг л салхины чимээ адил дуугаргаж, цасан шуурга адил шуугиулж, агаарт нисэх бүргэдийн далавчийн дэвэлт адил исгэрүүлж үзүүлэв.

Хөөмийч хүнтэй уулзахын тулд бид Улаанбаатараас 1600км хол аялж элсэн говийг туулж Ховд нутгийг зорин очсон юм. Энэ бол гайхалтай сайхан газар. Тэнд бид монгол гэр дотор хэдэн шөнө хоноглож, Сибирээс өмнө зүгт орших нуурын цэнгэг усыг харж, Алтайн өндөр уулсын оройг харуулдсан.  Засмал зам байхгүй учраас машины сэгсрэлтэнд тодор эвгүйцэнэ. Зам асууж зогсох бүртээ айлд ороход айраг аягалж өгөх бүрт нь ууж, хонины махаар гэдсээ дүүргэв.

2048

Чандмань суманд ирэх үед энэ жижиг тосгонд найр болж байхтай таарлаа. Архи, айраг ихээр сөгнөж, том жижиг бие хаатай олон хөөмийч цуглажээ. Хамгийн мундаг хөөмийч өөрийн ач охинтойгоо хамтран эртний нэгэн дууг хөөмийллөө. Найрал дуучид орчин үеийн дууг хоолой нийлүүлэн дуулав. Эд бүгд хачин жигтэй бас уянгалаг сонсогдоно.  Миний ярилцсан хүн бүр монголын энэ уламжлалт дуулах урлагийг эзэмшсэн болох нь мэдэгдэж байсан юм. Уламжлалт уянгын дуу буюу монголчуудын хэлдгээр уртын дуундаа  нутаг орноо дүрсэлсэн, уул усаа магтан дуулсан байх нь элбэг. Хэн нэгнийг хаана төрснийг нь дуу хоолойгоор нь ялган таниж, батлаж болдог юм биш байгаа гэх бодол толгойнд бууж байв. Бидний танилцсан хөгжим судлаач Хатчулууны хэлж байгаагаар монголчуудын дуурийн урлагт амжилттай байгаа нэг шалтгаан бол биеийн  онцлог болоод газар нутаг, хоол унд, цэвэр агаартай холбоотой гэнэ.

4912

Олон улсын тавцанд нэрээ дуурсгасан Ариунбаатарын нэр алдар улс эх орондоо ч  алдаршжээ. Улс төрчид түүний энэ авьяас Монголын нэрийг дуурийн урлагийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт найдаж байгаа талаар хэлж байв. Ариунбаатар нутаг орноо орхих өчүүхэн ч хүсэлгүй байгаа нь ажиглагдсан юм. Учир нь түүний гэр бүл одоо ч хөдөө нутагтаа нүүдэллэн амьдарсаар байна. Тэд морио унаж, гэрээ ачин нүүдэллэсээр…

“Тэдэнтэйгээ хамт энэ сайхан уудам цэлгэр талдаа байхад би дуулах урам зоригоор дүүрэн болдог. Дэлхийн хаана ч байсан эх орноо, энэ сайхан нутгаа нүдэндээ төсөөлж дуулдаг” хэмээн тэрээр хэлсэн юм.

эх сурвалж: The Guardian.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ