Монголд Випашяна бясалгалын ордон сүндэрлэнэ

0
5957

maxresdefault

Бурхан багш 2500 жилийн өмнө Энэтхэг улсад түгэн дэлгэрээд байсан олон төрлийн бясалгалын аргуудыг өөрийн биеэр туулж, мэдэрсний үндсэн дээр випашяна бясалгалыг сонгож, гэгээрэлд хүрсэн гэдэг. Бясалгал гэдэг нь анхаарлаа төвлөрүүлснээр тодорхой шатанд хүрээд ертөнцийн үнэнийг танин мэдэх арга гэж үздэг. Энэ бол хүн төрөлхтний анхдагч мэдлэг, суурь боловсрол хэмээн гэгээнтэн, мэргэдүүд айлддаг бөгөөд бясалгал нь ямар нэгэн шашинтай холбоогүй хэмээн тайлбарладаг. Випашяна гэдэг нь бодит үнэнийг байгаагаар нь харах гэсэн утгатай үг бөгөөд энэхүү бясалгалын арга нь Монгол улсад анх 1997 оноос Бурхан багшийн айлдсан тэр л цэвэр ариун хэлбэрээрээ түгэн дэлгэрч эхэлжээ. Ийн Монголчууд Бурхан багшийн айлдсан айлдвар, түгээн дэлгэрүүлсэн энэхүү сургаал ном, аргад ахин суралцаж эхэлснээр урьдын мартсан бүхнээ сэргээж, амьдралдаа хэрэг болох ач тустай зүйлийг олж мэдэх зам нээгдсэн гэж тус төвийн тэргүүн Д.Ширэндэв дурдаж байлаа.

27994052_1753209804718621_1841505852_n

- Сурталчилгаа -

Одоогоор Монгол улсад випашяна бясалгалд шамддаг 20 мянга гаруй хүн байгаа бөгөөд тэдгээр хүмүүс жил бүр 10 хоногийн тусгайлсан хуваарьт хичээлд сууснаар энэхүү аргад суралцдаг байна. Випашяна бясалгалын 10 хоногийн тусгайлсан курс нь үнэ төлбөргүй ба хүссэн хүн бүр суух боломжтой гэдгийг онцоллоо. Уг бясалгалын аргыг олон хүнд түгээн дэлгэрүүлэх үүднээс  тодорхой байр сууц бэлдэж, өглөг буяны хүчээр өдийг хүртэл хичээллэж ирсэн бөгөөд төвийн байрыг хотоос холгүй байлгахын тулд Найрамдал зуслангийн ойролцоо байр барьж, хүссэн хүн бүрийг хүлээн авсаар иржээ. Гэсэн хэдий ч манай орны эрс тэс уур амьсгал болон зарим нөхцөл байдлаас үүдэн жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагааг явуулах боломжгүй байгаагаас гадна бясалгалд сууж, номын дуу сонсож, өөрийгөө танин мэдэх гэсэн хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинэ байр барих зайлшгүй шаардлагатай тулгарч байгааг хэлж байна.

27935229_1753209044718697_1256591648_n

27935679_1753208881385380_1861841192_n

Монголд 2004 онд бясалгалын төв барихаар 1,5 га газар авч ,випашяна бясалгалыг Энэтхэг, Мьяньмар тэр ч байтугай дэлхий дахинаа түгэн дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Их Багш С.Гоенка нь Монгол дахь төвд “Дхамма Мханна” буюу “Агуу дээд ном” гэсэн утга бүхий нэрийг хайрлажээ. 2005 оноос энэхүү газар дээр випашяна бясалгалын 10 хоногийн курсыг зуны цагт 6-8 сарын хооронд уламжлалт монгол гэрт явуулж эхэлжээ. 2010 оноос төвдөө зориулж дүнзэн байшин барьснаар нэг удаадаа 65 хүн хамруулж хугацааг нь уртасгах боломжийг олгожээ. 2017 онд шинэ байр барьснаар тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл тогтмол бясалгал хийх боломжийг нээж өгчээ. Энэ хугацаанд нэг удаадаа 110 орчим хүнийг хамруулах боломжийг бүрдүүлжээ.

12809540_1112875302098666_567802784792408117_n

Випашяна бясалгалын төвийн тэргүүн Д.Ширэндэв: Випашяна бясалгалыг олон хүнд хүргэхийн тулд төвийн зүгээс албан байгууллага, хувь хүмүүст хандсан үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь хорих ангиудын хүмүүжигчдэд зориулж хийгддэг 10 хоногийн бясалгал юм. 2017 оноос Хууль Зүйн Яам, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран “Ухаарал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд хорих ангиудаар явж бясалгалд шамдах аргыг заан таниулж байгаа. Энэ бясалгалаас хүртсэн ашиг тусын талаар хүмүүжигчид маш эерэг үр дүнтэй ярьж байдаг. Бясалгалын 10 хоног өчигдөр дуусахад хүмүүжигчид хоригдол гэдгээ хүртэл мартсан байгаагаа хэлж байсан. Энэ бол өөрчлөлт шүү. Тэнд байгаа хүмүүс ийм өөрчлөлтийг мэдэрч байхад монголын ард түмэнд энэ бясалгал ямар их ач холбогдолтой гэдгийг хэлэх байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд чанга дэглэмтэй 4 ангид бясалгал зохион байгуулж, нийт 620 гаруй хүмүүжигч хамрагдаж эерэг дүн гарсан учир уг хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэхээр болсон. Түүнээс гадна Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн 1 өдрийн бясалгалыг олон жил зохион байгуулж байна. Хүүхдийн бясалгалыг цаашид өргөн хүрээтэй болгох үүднээс Боловсролын Яамтай хамтран ЕБС-уудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэддээ энэ үйл хэргийг хүргэхийн тулд Увс, Өмнөговь, Архангай, Эрдэнэт, Хөвсгөл, Дорноговь аймгуудад 10 хоногийн бясалгалыг зохион байгуулсаныг дуулгахад таатай байна.  Випашяна бясалгалын төвийн зүгээс Бурхан багшийн айлдсан Ганжуурын судрууд хийгээд, түүний тайлбар болох Данжуурын судруудыг Бурхан Багшийн өөрийн хэл болох Пали хэлнээс орчуулан, орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн. Эхний гурван боть номыг , мөн тайлбар хоёр боть номыг хэвлүүлээд уншигчдад хүргээд байна. 2017 онд Бурхан багшийн бодисадва байх үеийн 550 төрлийн түүхийг өгүүлсэн цадигийн 9 ботиос гурван ботийг орчуулан бэлэн болгосноос гадна 2018 онд үүн дээр нэмэж хоёр ботийг орчуулаад байна.

28000879_1753208888052046_1901236366_n

Бясалгалын шинэ ордны талаар

Ийнхүү випашяна бясалгалыг цаашид үргэлжүүлэхийн тулд 2018 оноос эхлэн нэг удаад 200 хүн бясалгах, жилийн дөрвөн улиралд бясалгал явуулах бүрэн боломжтой төвийг барих эхлэлийг тавьжээ. Уг төвийн барилгын зураг төслийг “MCS Property” компанийн зүгээс хийж өгсөн бөгөөд тус төв нь гүний худагтай, цахилгаан эрчим хүчээр хангагдсан юм. Энэ бясалгалын төвийн ерөнхий зурагт тусгагдснаар 200 хүний бясалгалын танхимаас гадна эрэгтэй болон эмэгтэй багш нарын байр, 100 эрэгтэй бясалгагч, 100 эмэгтэй бясалгагч байрлах унтлагын болон амралтын байр, эрэгтэй болон эмэгтэй хүмүүс тусдаа бясалгал хийх 50 хүний багтаамж бүхий 2 танхим, хооллох танхим, гал тогоо, ажлын байр, мөн 20 машины дулаан зогсоол, агуулах, аж ахуйн байр барихаар төлөвлөжээ. Уг төвийн барилгын зураг төслийг хүйтэн сэрүүний улиралд тохируулан гүйцэтгэсэн болохоор энэхүү төвийг зорин ирсэн бясалгагчид жилийн дөрвөн улиралд, байгалийн бүхий л нөхцөлд гадагш гаралгүйгээр бясалгал хийх боломжтой гэдгийг онцоллоо. Энэхүү төвийг барьснаар 10 хоногийн курсыг сард хоёр удаа, 8 хоногийн сати буюу ахисан түвшний курс мөн 20,30,45,60 хоногийн уртын бясалгал явуулахаас гадна 6-15 хүртэлх насны хүүхдийг хамруулах 1-3 хоногийн хүүхдийн бясалгал, 15-19 насныханд зориулсан өсвөр насныхны хүүхдийн 7 хоногийн курсуудыг зохион байгуулах боломжтой болно гэж тооцоолжээ. Төвийн дулаан хангамжийн асуудлыг бие даасан байдлаар шийдэж байгаа бөгөөд монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан байгаль орчин, агаар мандлыг бохирдуулахгүйн үүднээс цахилгаан болон хийн түлшээр ажиллах халаалтын тогоотой байхаар төлөвлөжээ. Уг бясалгалын төвийг иж бүрнээр барьж байгуулахад нийт 5,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх тооцоо гарчээ. Түүнчлэн бясалгалын төвийг барихаас гадна бусад буяны үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Ариун ном” санг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү сангийн тэргүүн Петровис компанийн захирал Ж.Оюунгэрэлийн ярьж байгаагаар тус төвийг энэ онд багтааж ашиглалтад оруулахаар зорьж байгаа бөгөөд тус сангийн зорилго нь Монголд энэ төвийн барилгыг бариад зогсохгүй энэ төвөө Олон Улсын Төв болгох эрхэм зорилготой хэмээж байв.

image_660

“Ариун ном” сангийн тэргүүн Ж.Оюунгэрэл: Бид богино хугацаанд чанартай барилга барихыг эрмэлзэж байгаа. Анх Ширэндэв багш барилгын зураг эскизийг үзүүлэхэд энэ барилгыг барихын тулд сайн зураг төсөл хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр “MCS Property” компанид хүсэлт тавьсан. Тэдний зүгээс барилгын зураг төслийг чанарын өндөр гүйцэтгэлтэйгээр үнэ төлбөргүй хийж өгсөн. Энэ ч үүднээс сайн зураг төсөлтэй учраас барилга маань сайн байх ёстой. Сайхан төвтэй болно гэж бодож байгаа. Энэ төвд олон хүн ирж бясалгаасай гэж хүсэж байна. Монголын нийгэмд байгаа энэ их стресс, бухимдлыг арилгахын тулд бага ч болов өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж бид энэ ажилд оролцож байна. Энэ төв нь жилийн дөрвөн улиралд нээлттэй гэдгээрээ давуу талтай болж байгаа юм. Төвийн суурийн ажлыг 2018 оны хавраас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Манай сангийн зүгээс өглөг буяны хүчээр эрвийх дэрвийхээрээ хамтраад бясалгалын төвөө хурдан босгоно гэж найдаж байгаа.

Энэхүү төвд хүссэн хүн бүр бясалгал хийх боломжтойгоос гадна тус төвийн шинэ байрыг барьж байгуулахад уг бясалгалд хамрагдсан хэн бүхэн хандив өргөх боломжтой гэдгийг төвийн үүсгэн байгуулагчид дурдаж байлаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ