1952 онд Лондонг бүрхсэн “Үхлийн Утаа”

2
12362

piccadilly-circus-deadly-london-fog-1952

1952 оны 12 сарын 5-аас 9-ний өдрүүдэд Их Британийн нийслэл Лондон хот их хэмжээний утаанд автаж байсан түүхтэй. Лондон хотын агаарын бохирдол аль 1200-д оноос эхлэлтэй ч 1952 оны “Их Утаа” нь Их Британийн түүхэн дэх хамгийн их хор уршиг дагуулсан үйл явдал байсан юм .

Энэхүү үйл явдлын өмнө Лондонгийн дээр эсрэг циклон байрласны улмаас агаарын температур огцом унасан тул иргэд энгийн үеийнхээс хэд дахин их хэмжээний нүүрс түлсэн ба энэ өдрүүдэд салхигүй байсан учраас хотыг бүрхсэн утаа арилалгүй тогтсон байна. Дэлхийн 2-р дайны дараахан эдийн засгаа босгохын тулд сайн чанарын нүүрсээ гадагшаа гарган зарж байсан тул ард иргэд  муу чанарын буюу хүхрийн агууламж ихтэй нүүрс хэрэглэдэг болсон байсан нь агаар дахь хүхрийн ислийн агууламжийг үлэмж ихэсгэжээ . Айл өрхүүдээс гадна нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд мөн тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна.

- Сурталчилгаа -

Хэдийгээр Лондонд манан буух нь хэвийн үзэгдэл боловч 1952 оны утаа нь урьд урьдынхаас өтгөн бөгөөд урт хугацаанд үргэлжилсэн юм. Харагдах орчин хэдхэн метрээр хязгаарлагдаж, машин барьж явах боломжгүй болсон ба газар доорх метроноос өөр нийтийн тээвэр ажиллагаагүй болжээ. Түргэн тусламжийн машин явах боломжгүй болсон тул өвдсөн иргэд өөрсдөө ямар нэг аргаар эмнэлэгт очихоос өөр аргагүй болжээ. Утаа, байшин барилгууд дотор хүртэл нэвтэрч кино, концерт зэрэг олон нийтийн үзвэр үйлчилгээ зогсоход хүрсэн байна .

v3-smog

Их Британийн арал дээр манан буух нь энгийн үзэгдэл учраас эхэн үедээ ард иргэдийн дунд үймээн самуун дэгдээгүй байна. Утаа сарниснаас хэдэн долоо хоногийн дараа эрүүл мэндийн үйлчилгээний албанаас гаргасан статистикаар дөрөвхөн өдрийн дотор 4000 гаруй хүн утааны улмаас нас барсан байжээ . Энэхүү статистик 1953 онд 6000 болж өссөн бол сүүлийн үеийн судалгаагаар амиа алдагсдын тоо 12’000 хол гарсан байх магадлалтай гэсэн байна. Нас барагсдын дийлэнх нь бага насны хүүхдүүд, өндөр настан болон амьсгалын замын өвчтэй хүмүүс байжээ . Нас баралтын гол шалтгаан нь уушигны хатгалгаа, архаг бронхит зэрэг амьсгалын замын халдварт өвчнүүд байсан байна.

Энэхүү гамшигт үйл явдлын дараагаас хүрээлэн буй орчны судалгаа хийгдэж Засгийн Газраас хэд хэдэн журмыг гаргасан бөгөөд 1956 онд “Цэвэр агаарын хууль”-г баталжээ. Айл өрхүүдэд нүүрсний оронд газаар ажилладаг зуухны хэрэглээг нэвтрүүлэхийн тулд санхүүгийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байна .

Эрдэмтэд энэхүү утаа юуны улмаас үхлийн аюултай байв гэдгийг судалсаар байгаа бөгөөд нүүрс түлсний улмаас үүссэн агаар дахь азотын болон хүхрийн исэл манантай урвалд орж хүхрийн хүчил болсноор хүмүүсийн аминд хүрсэн гэсэн таамаг байдаг юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 СЭТГЭГДЛҮҮД

  1. Хараал идсэн 2000 оноос хойш л бүх юм буруугаар эргэсэн. Битүү утаа тэр үеэс хойш хотруу орж ирэгсдийг бүгдийг үлдэн хөөгтүн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ